Ажлын байрны дарамт, хүчирхийллийн асуудлаар сургалт зохион байгуулав
2021.10.27

Ажлын байрны дарамт, хүчирхийллийн асуудлаар сургалт зохион байгуулав

МҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүд, Залуучуудын хорооны дарга нар, удирдах зөвлөлийн гишүүд, тэргүүлэгчдэд “Албан бус салбар ба ОУХБ-ын Хөдөлмөрийн хүрээнд дарамт, хүчирхийллийг хориглох тухай 190 дүгээр конвецийн хэрэгжилт”-ийн асуудлаар сургалт хийлээ.

МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа нээж үг хэлэхдээ,

-Өнөөдрийн сургалтад МҮЭ-ийн холбооны дэргэдэх Эмэгтэйчүүд, залуучуудын хороо, аймаг, салбаруудын ҮЭ-ийн холбоо, анхан шатны байгууллагын дэргэдэх хороодын удирдлагууд, идэвхтэн сонгуультнууд хамрагдаж байна.

“Хөдөлмөрийн хүрээнд дарамт, хүчирхийллийг хориглох тухай” 190 дүгээр конвенцийн хэрэгжилтийн судалгааг нийслэлийн томоохон гурван зах, худалдааны төвд хийснийг танилцуулах, Залуучууд, эмэгтэйчүүдийн хороодын бүтцийг төвлөрүүлэхтэй холбогдсон асуудлаар хэлэлцүүлэг хийж, цаашдын зорилго, зорилтоо тодорхойлох зорилготой.

Монгол улсад төдийгүй дэлхий дахинд Албан бус салбарт хөдөлмөр эрхлэлтийн хүрээ том хэвээрээ байна. Албан бус салбарыг албан болгох төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлага бий.

Энэ онд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэн. Тус хуулийн шинэчлэл бүхэлдээ албан бус эдийн засагт ажиллаж буй бүх хүний эрх ашгийг хамгаалах, ҮЭ-үүдийн оролцоог өргөтгөсөн хууль болсон. Тэгэхээр эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын гол зорилго нь ҮЭ-д эвлэлдэн нэгдээгүй хүмүүсийг зохион байгуулалтад оруулах замаар тэднийг төлөөлөх зэргээр боломж нэмэгдсэн. Хөдөлмөрийн тухай шинэ хуулийн агуулгын дагуу албан бус салбарт ажиллагчдын хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг сум, аймаг, нийслэлийн хамтын гэрээ хэлэлцээрт тусгах замаар шийдвэрлэх боломж уг хуульд тусгайлан заасан.

Эмэгтэйчүүд, залуучуудын хорооны идэвхтэн сонгуультнууд бүх түвшинд нийгмийн түншлэлийн талуудтай идэвхтэй хамтран ажиллах нь энэ зорилтоо хангах үндсэн нөхцөл болно. Тус тусдаа явбал үр дүнгүй. Аймаг, нийслэл, сумдын ҮЭ-үүд 190 дүгээр конвенцыг хэрэгжүүлэх, албан бус эдийн засагт ажиллагчдыг зохион байгуулалтад оруулдаг олон улсын туршлагыг нэвтрүүлж, үр дүнд хүрэх шаардлагатай гэлээ.

ОУХБ-ын Ажилчдын асуудал хариуцсан товчооны ахлах мэргэжилтэн Юки Оцужи: -Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль шинээр батлагдаж, хуулийн хамрах хүрээ тэлж, албан бус салбарт ажиллагчид хамрах болсон гэлээ. Энэ нь бидний явуулж байгаа үйл ажиллагаанд туйлын ач холбогдолтой юм. Томоохон зах, худалдааны төвд хийсэн судалгаагаар дарамт, хүчирхийлэл байдаг талаар нотолгоо байна. Элдэв дарамт шахалт үзүүлдэг, түрээсийн хөлсөө үндэслэлгүй нэмдэг, үзэмжээр ялгаварлан гадуурхдаг зэрэг дүгнэлт гарчээ.

2017 онд ОУХБ-аас Хөдөлмөрийн хүрээнд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, дарамт шахалтын эсрэг ҮЭ-ийн байр суурь судалгаа нийтлэгдсэн. Энэ судалгааны дагуу зөвлөмж гарсан. Уг зөвлөмж 190 дүгээр конвенц батлагдахаас өмнө гарсан ч өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Зөвлөмжийн заримаас нь хүргэе.

Нийгмийн үр дүнтэй яриа хэлэлцээг өрнүүлэхийн тулд Эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг салбар болон ажлын байрны түвшинд хэлэлцээр хийж, хүчирхийлэл, дарамтаас ангид байх боломжтойг зөвлөсөн байдаг. Мөн эрх зүйн орчныг бий болгохыг Засгийн газарт зөвлөдөг. Иймд 190 дүгээр конвенцийг соёрхон батлах нь чухал.

Мөн ажлын байрны дарамт хүчирхийлэл нэг талаас хөдөлмөр эрхлэлтийг албан бусаар зохион байгуулж байгаа явдал, нөгөө талаас хүчирхийлэл нэмэгдэж байгаа нь өөр хоорондоо холбоотой юм.

Нийгмийн түншүүдийн гэрээ хэлэлцээрээр стандарт бус ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг зогсоох боломжтой гэж зөвлөсөн байдаг.

Ажлын байрны хүчирхийлэл, дарамтыг ил тод болгох хэрэгтэй. Хүчирхийлэл, дарамтад өртсөн хүмүүсийн дуу хоолойг хэрэгтэй. Ялангуяа хүнд нөхцөлд ажилладаг хүмүүсийг баримтжуулж, кампанит ажил хийхдээ нотлох баримт болгон ашиглах нь зүйтэй гэж зөвлөсөн байдаг.
Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбооны дарга С.Жаргалсайхан: -МҮЭ-ийн холбоо, ОУХБ хамтран Албан бус салбарт ажиллагчдад ажлын байрны дарамт хүчирхийллийг хориглох тухай 190 дүгээр конвенцийн талаар мэдээлэл, сургалт, судалгааны ажил хийж байгаад талархаж байна. Монгол улс зах зээлийн системд шилжиж, өмч эзэндээ очсон нэг сайн талтай ч нөгөө талдаа ажилчин хүн нийгмийн хамгаалал, хамтын гэрээ хэлэлцээр, Хөдөлмөрийн тухай хуулийн гадна үлдэж байгаа сөрөг тал бий. Улаанбаатар хотод албан бус хөдөлмөр эрхэлж байгаа 130-аад мянган хүн бий. Тэдний 1 хувь нь ҮЭ-д эвлэлдэн нэгдэж, ажлын байрны дарамт, хүчирхийллийн тухай мэдлэг, мэдээллийг дөнгөж авч эхэлсэн.

Томоохон зах, худалдааны төвүүдэд хийсэн судалгаагаар ажил олгогчид ашигийг нэгдүгээрт тавьж, Хөдөлмөрийн тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн наад захын стандартыг үл мөрдөж, бусад зөрчил дутагдал байгаа нь тодорхой болсон. Ажил олгогчид дарамталж байгаагаа, түрээслэгчид эрх ашиг нь зөрчигдөж байгаа тухайгаа өөрсдөө ч мэддэггүй байдал байна.

Ажлын байрны дарамт, хүчирхийлэл нуугдмал, хаалттай байдгийг судалж, илрүүлэх нь бидний зорилго болж байна. Ажил олгогч, ажилтан, ажлын байрандаа байгаа эсэхийг илрүүлэх ёстой. Дээрх судалгааны дүн шинжилгээ нь Монгол улсыг ОУХБ-ын Хөдөлмөрийн хүрээнд дарамт, хүчирхийллийг хориглох тухай 190 дүгээр конвецийг соёрхон батлахад дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Сургалтын хөтөлбөрийн дагуу Зах, гудамжны худалдаачдын ажлын байранд конвенцод туссан асуудлыг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх туршлагыг ОУХБ-ын Жендер, тэгш байдал, ялгаварлан гадуурхалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Жони Симпсон дэлхийн улс орнуудын сайн жишээнд тулгуурлан тайлбарлав.