Чиптэй цахим гадаад паспорттой болсноор хилээр түргэн шуурхай нэвтэрнэ
2023.03.10

Чиптэй цахим гадаад паспорттой болсноор хилээр түргэн шуурхай нэвтэрнэ

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нийтийн түлхүүрийн санд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 82 дахь гишүүн улс болон нэгдэн орсон байдаг.

Манай улс тус санд холбогдсоноор ICAO-оос батлан гаргасан чиптэй цахим гадаад паспортын стандартын дагуу олон улсад хүчин төгөлдөр, хүлээн зөвшөөрөгдсөн цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлэх бүрэн боломжтой болсон. Тэгвэл энэ талаар Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцгээс тодрууллаа.

-Үндэсний цахим гадаад паспортыг нэвтрүүлэх ажил хэр байна вэ?

Цахим гарын үсгийн тухай хууль 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, улсын бүртгэлийн байгууллага Монгол улсын 16 насанд хүрсэн  тоон гарын үсэг авах хүсэлт гаргасан иргэдэд тоон гарын үсгийг олгох үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ үйл ажиллагаатай зэрэгцүүлэн чиптэй цахим гадаад паспорт олгох дэд бүтцийг шийдсэн.

Түүнчлэн Монгол Улс 2021 оны 12 дугаар сард Олон улсын иргэний нийсэхийн байгууллагын цахим аялалын баримт бичгийн Нийтийн түлхүүрийн мэдээллийн сангийн 82 дахь гишүүн улс болсон. Ингэснээр ICAO-ын шаардлагад нийцүүлсэн чиптэй цахим гадаад паспортын стандартын дагуу олон улсад хүчин төгөлдөр байх гадаад паспорт гаргаж, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болсон.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 155 дугаар тогтоолоор цахим гадаад паспортын загварыг баталсан. Энэ хүрээнд гуравдугаар сарын 01-ний өдрөөс чиптэй гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлэхээр захиалга аваад, бүртгэл хөтлөх үйл ажиллагаа эхлээд явж байна.

-Чиптэй цахим гадаад паспорт нь өмнөх энгийн гадаад паспортоос ямар ялгаатай вэ? Иргэнд ямар давуу талтай вэ?

Монгол Улсын иргэд чиптэй цахим гадаад паспорт хэрэглэж эхэлснээр иргэний эрхээ эдэлж, гадаад улсад зорчих, хилийн гарцаар хялбаршуулсан журмаар нэвтрэх, аюулгүй баримт бичгийн хэрэглээг хангах, Олон Улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандарт шаардлагад нийцсэн баримт бичгийг эзэмших боломж бүрдэж байна.

Мөн өмнө нь хэрэглэж байсан үндэсний энгийн гадаад паспорт 32 хуудастай байсан бол энэхүү чиптэй цахим гадаад паспорт нь 48 хуудастай болсон.

Түүнчлэн гадаад паспортад эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулан иргэнд олгодог байсан бол чиптэй гадаад паспорт дээр гарын үсэг зурах, тамга дарах асуудал байхгүй болсон. Ингэснээр хэвлэсэн гадаад паспортыг иргэнд шуурхай хүргэх боломж бий болж, үйлчилгээний процесс сайжирсан гэж ойлгож болно.

-Олон нийт уг шинээр гарч байгаа чиптэй цахим гадаад паспортыг заавал захиалахгүй бол болохгүй гэсэн ойлголттой байна. Энэ тал дээр дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?

Иргэд энгийн гадаад паспорт болон чиптэй цахим гадаад паспортоос өөрсдийн сайн дурын хүсэлтээр аль нэгийг сонгож хэрэглэх боломжтой. Өмнө авсан иргэдийн гар дээр хүчин төгөлдөр байгаа паспортыг заавал солих гэсэн шаардлага байхгүй.

Иргэн гадаад паспортын хугацаа дууссан, хуудас дууссан, хаяж үрэгдүүлсэн мөн түүнчлэн дүр төрхийн өөрчлөлт хийлгэсэн тохиолдолд гадаад паспортыг сольж шинээр захиалж авна. Гэхдээ энгийн паспорт авах уу чиптэй цахим паспорт авах уу гэдэг нь тухайн иргэний сонголт юм. Өмнөх хүчин төгөлдөр байгаа бичиг баримтыг хэрэглээд явах боломжтой.

-Чиптэй цахим гадаад паспортыг захиалахдаа иргэн ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

Гадаад паспортын бүртгэл засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэл. Иймээс иргэн өөрт ойр байрлах Улсын бүртгэлийн байгууллагын нэгж, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, улсын бүртгэлийн үйлчилгээний цэгт хандаж захиалах боломжтой.

Ингэхдээ өөрийн биеэр ирж, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл буюу хурууны хээг уншуулна. Мөн иргэний хувьд гадаад паспортын зургийг улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчид хандаж авахуулах, эсхүл зөөврийн төхөөрөмжөөр /флаш/ авч ирэх, түүнчлэн Улсын бүртгэлийн байгууллагын /photo.burtgel.gov.mn./ цахим хаягаар нэвтэрч зааврын дагуу зургаа илгээх сонголт бий.

Мэдээж иргэний зураг ICAO-ын стандарт, шаардлагад нийцсэн нүд, чих, дух ил гарсан, арын фон цайвар өнгийн, эгц урдаасаа, нүдний шилгүй, мөн дүрэмт хувцасгүй гэсэн шаардлагад нийцүүлсэн байхыг анхаарах хэрэгтэй. Тухайн иргэн ямар нэгэн байдлаар гоо сайхны хагалгаа болон бусад дүр төрхийн өөрчлөлтөд орсон бол үүнийг нотлох баримтаа авч ирэх ёстой.

Харин 16-аас доош насны хүүхдийн гадаад паспортыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэг нь захиалж болно. Ингэхдээ тухайн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч бол эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Хугацааны хувьд ямар байх вэ?

Насанд хүрсэн хүнд 10 жил, хүүхдэд 5 жилийн хугацаатай байна. Гадаад паспорт хуулийн хугацаанд буюу нийслэлд ажлын 5, орон нутагт ажлын 15 хоногийн дотор хэвлэгдэж иргэдийн гар дээр хүргэгдэнэ.

-Паспорт захиалах үнийн дүн өөрчлөгдсөн. Үүнд иргэдийн зүгээс багагүй буруу ойлголттой байна.

Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний хөлсийг Монгол улсын Засгийн газрын тогтоолоор баталдаг. Тиймээс Засгийн газрын тогтоолд заасан үнэ хураамжийг иргэн төлөх ёстой.