Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг хэлэлцлээ
“Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийн зөвшилцөх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан тус тус танилцууллаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулгадаа, “Монгол Улс 1993 оноос эхлэн авто тээврийн гадаад харилцааг өргөжүүлэн өнөөдрийн байдлаар олон улсын долоон гэрээг соёрхон батлуулж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 12 улстай байгуулан олон улсын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгааг тодотгоод тус яамны зүгээс олон улсын тээвэрлэлтийн эрх зүйн орчинг сайжруулах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, автотээврийн салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсад мөрдөгдөж буй эрх зүйн хэм хэмжээг хүлээн зөвшөөрөх, улмаар Монгол Улсын тээвэрчид, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалахын тулд холбогдох олон улсын байгууллагуудаас зөвлөмж болгосон гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох чиглэлээр анхаарч ажиллаж байгааг дурдсан.
Энэ хүрээнд “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)”-т нэгдэн орохоор уг хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсныг Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжсэн гэв.
Монгол Улс уг хэлэлцээрт нэгдэн орсноор, олон улсын болон үндэсний хэмжээнд ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч, тээвэрчдийн ажил, амралтын дэглэм мөрдөгдөх, хөдөлмөрийн нөхцөл, шаардлагыг хангах, тээврийн аюулгүй байдлыг хангах, өөрийн улсын болон бусад улс орнуудын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний осол, зөрчил гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тээвэрлэлтийн ажил, үйлчилгээнд олон улсын жишигт нийцсэн техник технологийг ашиглах, түүгээр дамжуулан тээвэрлэлтийн гүйцэтгэлд бүрэн хяналт тавих, Монголын тээвэрчид гадаад улс орнууд руу тээвэрлэлт гүйцэтгэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг тус тус нээж байгааг Л.Халтар сайд танилцуулгадаа дурдлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа, хуулийн төслийг хэлэлцэх үед хууль санаачлагчаас Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Энх-Амгалан, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр"-т нэгдэн орох шаардлагыг манай улс хангаж байгаа эсэх, зам, гүүрэн байгууламжийг барьж байгуулахдаа олон улсын чанар, стандартын түвшинд хүргэхэд анхаарах, Улаанбаатар хот, Дарханы автозамын эвдрэл, гэмтэлтэй холбогдуулан иргэд, албан байгууллагад учирч байгаа хохирлыг хэн хариуцах, олон улсын хооронд автотээвэр хийх бэлтгэл ажил хангагдсан эсэх талаар болон улс хоорондын зорчигч тээвэр, ачаа тээврийн ангилалтай мэргэшсэн жолоочийг бэлтгэх сургалтын тогтолцоог шинэчлэх, тэдний ур чадвар, сахилга, хариуцлагыг нэмэгдүулэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жолоочийн үнэмлэх, картыг олгох, олон улсын ачаа тээвэрлэлт хийх автомашины парк шинэчлэлтийг хэрхэн хийх тухай асууж, хариулт авсан гэж байв.
Мөн тэрбээр, Байнгын хорооны хуралдааныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76.14.3-т заасны дагуу явуулсан бөгөөд “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр'-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжин, олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох бусад Байнгын хороонд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, 80.0 хувийн саналаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Дамдинням, Ж.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Г.Ганболд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүдийн зүгээс хэлэлцээрт нэгдэж орсноор европын улсуудаас ирэх ачаа тээвэрлэлтэд үүсэх давуу тал, хөнгөлөлтийн талаар лавлахын зэрэгцээ монголын тээвэрчид ажил, амралтын дэглэмийг зөвхөн гадаадад тээвэрлэлт хийх хугацаанд уу эсвэл дотоодоо ч мөрдөхөөр зохицуулсныг илүүтэй тодруулж байлаа.
Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Л.Халтар хариултдаа, Европт үүссэн нөхцөл байдлаас үүдээд Европын холбоо ОХУ, Беларусийн авто тээврийн хэрэгсэлд хориг тавьсан. Сөргүүлээд Европын холбоонд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд тээвэр хийхэд хүндрэл гарах нөхцөл байдал үүсэж байна. Энэ үед Монгол Улс хэлэлцээрт нэгдэн орсноор Европын улсад тээвэр хийх цаашдаа Европоос Монгол руу тээвэр хийх боломж бүрдэнэ гэдгийг тодотгов. Мөн хэлэлцээрт нэгдэн орсноор алсын тээвэр хийж байгаа жолооч нарын ажил, амралтын дэглэм, аюулгүй байдал, хангагдана. Тухайлбал, хэлэлцээрт нэгдсэн орсноор тээвэрлэлт хийх автомашинд тусгай төхөөрөмжийг байрлуулах бөгөөд картаа уншуулснаар тухайн жолоочийн ажил, амралтын дэглэм байнгын хяналтад орно. Тиймээс жолоочийн ажил, амралтын дэглэм зөрчигдсөнөөс үүдэлтэй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх давуу талтай гэж байлаа.
Харин Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, хэлэлцээрт нэгдсэн орсон улс конвенцыг дотооддоо бас хэрэглэж болно гэсэн зөвлөмж байгаа. Өөрөөр хэлбэл, хэлэлцээрт нэгдэн орсон 50 гаруй улс энэ конвенцыг дотоодоо мөрдөж байгаа тул бид Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, дотоодын тээвэрт ашиглахаар тусгасан. Гэхдээ 3.5 тонноос дээш жинтэй ачааны автомашинаар тээвэр хийх, 9-өөс дээш зорчигч тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн жолоочид уг зохицуулалт хамаарна гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Ингээд “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр'-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.2 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn