2023.07.06

Б.Баттөмөр: Энэ зээлийг ХАА-н салбараа дэмжихэд зарцуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2023,07,06/-ны өдрийн хуралдаанаар   Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Энэ зээлийн хэлэлцээрийг дэмжиж байна.Бэлчээрийн даац 30 хувиар хэтэрч, бэлчээрийн доройтол их байгаа. ХАА-г дэмжихийн тулд зээл авах нь зөв, гэхдээ энэ зээлийг хуваарилсан нь их өөр байна. ХАА-н салбар хамгийн их эрдэмтэд бий, гадны байгууллагаар судалгаа хийлгэх хэрэг байна уу. Уг нь энэ санхүүжилтийг хүнсний аюулгүй байдалд анхаарч, энэ чиглэлээ дэмжсэн зүйлд зарцуулах хэрэгтэй. 3 сая иргэний хүнсний хангамжаа сайжруулах хэцүү биш. Ногоон хөгжлийн загварыг дэмжинэ гэсэн байна, манай улсад энэ загвар гарсан уу. Мөн орчуулга дээрээ анхаараач ээ.1990 оноос ЗХУ-аас салсан гэж юу яриад байгаа юм бэ? 1924 оноос эхлэн Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан улс. Нүүрсхүчилгүй ХАА-энэ юу гэсэн үг вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.