Тахографын төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтын цагийг тодорхойлно
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.30\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын 59 конвенц, гэрээ, хэлэлцээрийн нэг болох жолоочийн ажил, амралтын горимыг мөрдөх, хөдөлмөрийн нөхцөлийг хангах “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)” нь НҮБ-ын Европын Эдийн засгийн комиссын ивээл дор 1962 онд анх боловсруулагдаж, 1976 оны нэгдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон.
Уг хэлэлцээрт ЕХ-ны гишүүн улсууд, ОХУ, Казахстан, Албани, Армен, Тажикстан, Турк, Туркменистан, Узбекстан зэрэг 50 гаруй улс нэгдсэн бөгөөд хэлэлцээрийн зорилго нь тахографын төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтын цагийг тодорхойлох дүрэм, журмын дагуу олон улсын ачаа, зорчигч тээврийн замын хөдөлгөөнд учирч буй аюул, осол, саад бэрхшээлийг бууруулах явдал юм. Хэлэлцээрээр мэргэжлийн жолооч нарын ажил, амралтын цагийг зохицуулах бөгөөд жолоочийн ажил, амралтын цагийг хянах төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлд суурилуулах, угсрах, турших, хянах техникийн шаардлагуудыг тогтоож, хэрэгжүүлэгч байгууллагуудын жолоочийн ажлын цагийг шалгах шаардлагуудыг тодорхойлсон.