2022.06.30
С.Бямбацогт: Гэрээнд нэгдэж, холбогдох хуулиудыг хэрэгжүүлэхэд дарамт, шахалт гарах ёсгүй
УИХ-ын чуулганы /2022.06.30/-ны өдрийн хуралдаанаар “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Олон улсын автотээврийн Европын хэлэлцээрт нэгдэн орох энэ гэрээг батлах гэж байгаа. Гэрээг батлах гэж буй үндсэн зорилго нь Европын холбооны улсаас Монгол руу ирж байгаа ачаа, бараа, тээврийг хурдан шуурхай саадгүй гүйцэтгэх, үүгээр дамжуулаад үнийн өсөлтийг хязгаарлах, бараа бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэхэд энэ хэлэлцээр чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Энэ хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орно. Энэ хуулийг батлаад хэрэгжүүлэх явцад тээвэрч, жолоочдоо хүнд байдал битгий үүсгэж, дарамтлаарай. Дотоодын иргэн, жолооч аж ахуй нэгжээ бодож энэ асуудалд хандах ёстой. Энэ хуулийг дагаад ямар нэг нугалаа, дарамт шахалт гарах ёсгүй.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.