Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.17) хуралдаан 11 цаг 22 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар асуулт асууж, үг хэлэв.
Гишүүдийн зүгээс олон улсын хэлэлцээрт нэгдэн орсноор автомашинд суурилуулах хяналтын төхөөрөмжийн үнэ өртөг, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх холбогдох байгууллагын үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг тодруулахын зэрэгцээ дотоодын тээвэрчдэд автомашиндаа хяналтын төхөөрөмж суулгах шаардлага тавих эсэхийг илүүтэй лавлаж байлаа.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, хэлэлцээрт нэгдэн орсноор дижитал хяналтын төхөөрөмжийг олон улсын тээвэр хийх машин бүрд суулгаснаар тухайн жолооч хэдэн цаг машин жолоодож, хэдэн цаг амарч, хэр хурдтай давхисан зэргийг нь алсын зайнаас хянана.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон Автотээврийн тухай хуульд ийм зохицуулалт байхгүй тул хяналтын асуудлыг хуулийн төсөлд нэмж оруулсан хэмээн хариулж байлаа. Мөн тэрбээр, 2010 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинуудад ийм хяналтын төхөөрөмжүүд байдаг. Хэрэв төхөөрөмжгүй бол худалдан авч, машиндаа суурилуулах шаардлага тавина.
Энэ төхөөрөмж 40-400 ам.долларын үнэтэй байдаг бөгөөд олон улсын конвенцод нэгдэн ороход хяналтын төхөөрөмжийг зайлшгүй суулгахаас өөр аргагүй гэж байлаа. Түүнчлэн олон улсад тээвэр хийх машинуудыг Автотээврийн үндэсний төв алсын зайнаас нэгдсэн удирдлагаар хангаж байгаа тул нэмэлт зардал гарахгүй. Хэлэлцээрт нэгдэн орсны дараа эрх бүхий байгууллагад хяналтын төхөөрөмж оруулж ирэх эрхийг олгоно. Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь Олон улсын автотээвэрчдийн гишүүн байгууллага тул хяналтын төхөөрөмжийг оруулж ирүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Харин Автотээврийн үндэсний төв дээр итгэмжлэгдсэн лабораторийг байгуулаад хэдэн жил болж байгаа тул тэнд хяналтын төхөөрөмжийн засвар, баталгаажуулалтыг хийнэ. Конвенцын хүрээнд хяналтын төхөөрөмжийг оруулж ирэх, баталгаажуулалтыг хянах, хариуцах гээд зайлшгүй шат дамжлагыг бий болгохоос өөр аргагүй гэж байлаа.
Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариултдаа, дотоодын тээвэрлэгчдэд ч хяналтын төхөөрөмж суулгаж, конвенцыг мөрдүүлнэ. Ялангуяа алсын тээвэр хийж байгаа жолооч нар ажил, амралтын дэглэм мөрддөггүй нийтлэг дутагдалтай. Тиймээс тэдний хөдөлгөөний аюулгүй байдал болон тээвэрлэж буй ачааны бүрэн бүтэн байдлыг хангахын тулд хяналтын асуудлыг үе шаттайгаар шийднэ гэдгийг онцолсон.
Ингээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн талаарх Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, С.Бямбацогт нараас гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn