2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ.
Хуулийн төслийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулав.
Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүд дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украйн улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна.
Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Энэхүү төсвийн зохицуулалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн алдагдлын нийт хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн тусгай шаардлагыг баримтлан хуулийн төсөлд тусгасан байна.