Б.Бат-Эрдэнэ: Иргэд, аж ахуйн нэгжүүдэд ирэх ачааллыг яаж шийдэх вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
2022 оны төсөвт хөдөлмөр бүтээмж, өсөлтийг дэмжих бодлого дэвшүүлж, хөгжлийн төслүүдийг дэмжих, эдийн засгийг сэргээх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, төрийн байгууллагууд хяналтын горимд ажиллах, бүх иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, хүүхдийн хадгаламж үүсгэх зэрэг зорилтууд тавьсан байна.
Халамжаас хөдөлмөрт шилжихтэй холбоотой ямар бодлого зорилт, асуудал дэвшүүлж байгаа вэ?
Энэ бол маш чухал асуудал. Гэтэл бид үүнийг дээгүүр сэвээд байдаг. Бодит нөхцөл байдлыг үнэлж, тодорхой бодлого гаргаж, хэрэгжүүлэх, үр дүн гаргах хэрэгтэй байна. Амьдралд хэрэгжүүлж буй сайн жишээ дурдвал, өнөөдөр нөхөн сонгуулиар сонгогдсон гишүүн Ц.Идэрбат нь аймгийн засаг дарга байхдаа хөдөө аж ахуйн салбарт ажлын байр нэмэгдүүлсэн нь сайшаалтай.
Бүх шатны төрийн байгууллагуудыг хяналтын горимд шилжүүлнэ гэсэн. Энэ хүрээнд ямар арга хэмжээ авах гэж байна. Яг бодит байдалд багаа бүрдүүлэх гэж гаднаас хүмүүс цуглуулаад шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байдалтай байна гэх зүйл дуулдаж байна. Өчигдөр хуралдсан Төрийн албаны зөвлөл Ёс зүйн сахилга хариуцлага, байнгын хороон дээр яригдсан. Цааш яривал цаг хугацаа их орох учир энд зогсооё.
Ковидын нөхцөл байдлаас үүдэн хүнсний барааны үнэ өссөн. Тээвэрлэлтийн өртөг 3 дахин нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлт ирэх онд буурахгүй төлөвтэй. Түүнчлэн төрөөс иргэдэд үзүүлж буй цахилгааны хөнгөлөлт, зээлийн хүү зэрэг асуудал тун удахгүй хуучин хэвэндээ орох нь. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд ирэх ачаалал нэмэгдэнэ гэсэн үг.Үүнийг хэрхэн шийдэх вэ, Сангийн сайд аа?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар хариуллаа.