2021.10.21
Ж.Сүхбаатар: Газар чөлөөлөгдөхгүй байгаа учраас олон асуудал гацсан байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Төсвийн бодлогыг гурван зүйлд чиглэж байгаа гэж ойлгож байна. Эдийн засгаа сэргээнэ, эрүүл мэндээ хамгаална, нийгмийн хамгаалал халамжийн бодлогыг явуулна гэж ойлгож байгаа. Энэ гурван тулгуурт бодлого дээр төсвийн байнгын хороо ямар дүгнэлт хийж байна вэ? Эрүүл мэндийн чиглэлд дутагдалтай шүүмжлэх зүйл юу байна вэ? Шүүмжлэхдээ чухал биш. Засах гэж байгаа юм.
Эдийн засгийг сэргээх асуудалд анхаарал татсан ямар асуудал байсан бэ? Төсвийн байнгын хороо юу гэж үзэж байна вэ? Нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг асуухгүй.
Шүүхийн сахилгын хороо байгуулагдаж байгаа. Шүүхийн сахилгын хорооны дөрвөн гишүүнийг сонгосон. УИХ-д таван гишүүнийг сонгох ажил явагдаж байна. Сахилгын хороонд 1,5 тэрбум төгрөгийн төсөв тусгасан. Энэ үндсэн хуулийн байгууллага. Орох орон байхгүй. Сандал ширээ ч байхгүй. энэ мөнгө хангалттай биш байна. Сангийн сайд ямар байр суурьтай байна вэ?
Дараа нь газар чөлөөлөх зардлын асуудал байгаа. Нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуульд улс, орон нутгийн төсөвт газар чөлөөлөх асуудлыг суулгана гэж заасан. Газар чөлөөлөгдөхгүй байгаа учраас олон асуудал гацсан байна. Ирэх жилийн төсөвт яаж тусгасан бэ?
Хувьчлалын орлогыг яаж тооцож байгаа вэ? Боловсролын шинэчлэлийн төсвийг өргөн барьсан байна. Энэ хууль багш нарт ирэх өгөөж нь юу байгаа вэ? Гадаад харилцааны чиглэлээр төсвийг хангалттай суулгаж чадсан уу? Хүчирхийлэл хүүхэд хамгаалал талд зардал суулгасан уу? Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн асуудал гарсан байгаа. Энэ чиглэлд юу тусгасан бэ?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулав.