2021.10.21

Ё.Баатарбилэг: Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Асуултны өмнө нэг зүйл тодруулж хэлэхэд жил болгоны улсын төсөв, төсөвийн хүрээний мэдэгдэл гэж орж ирэхэд буруу ойлголт яригдаад байна. Боловсрол болоод эрүүл мэндийн байгууллага дээр гайгүй байх шиг байна. Сум орон нутгуудад спорт зал, музей, соёлын төв, усан бассейн барьж байгаа нь буруу. Төсвийг үр ашиггүй үрж, зарлага нэмэж байна гэж яриад байдаг. Үндсэн хуулиараа олгогдсон Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх ёстой гэсэн суурь зарчим байдаг. Улаанбаатар хотын хувьд заавал төсөв гэхгүй хувийн хэвшлийнхэн спорт, соёлын байгууламж бариад ард иргэддээ үйлчилж буй.

Хөдөө орон нутагт үүнийг барих хөрөнгө байхгүй учир төсвийн мөнгөөр гүйцэтгэхээс өөр аргагүй. Хөдөө орон нутагт байгаа иргэд яагаад эрүүл чийрэг биетэй, мөн соёлын байгууллагаар үйлчлүүлж болохгүй гэж. Тэгэхээр энэ бол ард иргэдийнхээ төлөө төрөөс зайлшгүй хийх ёстой зүйлсийн нэг. Цаашид ч хийх ёстой. Сумын сургуулиуд модон жорлонгоос ч салаагүй байна. Энэ асуудалд анхаарч, ажиллаж байх шиг байна. Харин үүний нөгөө талд төсөвт орж ирэх мөнгөө нэмэгдүүлэхийн тулд байнгын хороо, их хурал бодлогоо сайжруулах хэрэгтэй. Хоёр талын асуудал байхад нэгийг нь буруу гэж болохгүй.

2022 оны улсын төсөв нэлээн сайн болсон харагдана. 2023 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалт дээр ямар бодлого баримталж байна вэ?

Төрийн өмчийн компаниудын засаглалыг эргэж харж, цэгцлэх ёстой юм биш үү ?

Төрийн худалдан авах ажиллагааг Сангийн яам, Эдийн засгийн яам хоёрын аль нь хариуцах вэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.