2021.05.06
Х.Ганхуяг: Харилцагчийн дансанд орсон мөнгийг автоматаар банк нэмэгдүүлсэн хүү суутгаж авах нь зөв үү
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.06\ нэгдсэн хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
"Зээлэгч болон зээлдүүлэгч хоёрын хооронд байгуулагддаг гэрээ нь нэг талийн эрх ашгийг давамгайлан хамгаалсан байдаг. Бодит байдал дээр ямар нэгэн байдлаар хүндрэл гарахад, нэг сар эсвэл хоёр сараар хугацаа хэтрүүлэн төлөхөд тухайн зээлэгчийн дансанд мөнгө орж ирэхэд банк автоматаар нэмэгдүүлсэн хүүгээ эхлэж суутгаж авдаг. Түүнчлэн дараагийн шат буюу хүүг суутгаж үндсэн төлбөрөө суутган авдаг юм. Гэтэл нэмэгдүүлсэн хүүг ОУ-ын практикт тухайн зээлтэй холбоотой зардал нэмэгдэл нэмэгдүүлэх эсэхээр бодож авдаг жишигтэй байдаг.
Мөн шүүхийн маргаантай болсон, харилцагч банк хоёр хоорнодоо маргалдаж шүүгч, өмгөөлөгч авах гэсэн тэр тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг тооцож авдаг болохоос гэрээ үргэлжилж байхад авдаггүй. Тэр тусмаа цар тахлын хүнд нөхцөл байдлын үед ямар нэгэн бэрхшээл гарж харилагчаас мөнгөө татах, татахгүй байх тохиолдол үүсдэг. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, хувь хүнд хүндрэл гарахад банк программын дагуу нэмэгдүүлсэн хүүг боддог, мөнгө орж ирэнгүүт шууд татаж авдаг, дараа нь хүүг суутгаж авадаг. Тиймээс уг асуудлыг эргэж харахгүй бол хууль болон гэрээний дагуу зохицуулах нь бүтэмжгүй юм. Учир нь дийлэнхдээ зээлдэгч талын санаачлага дээр гэрээ байгуулагддагт оршино. Зээлдэгч талын гэрээн дээр гарын үсэг зурдаг хоёр талтай юм.
Ж.Ганбаатар гишүүний саналыг дэмжиж байна. Түүний хэлсэнчлэн цахим мөнгөтэй холбоотой хэсгийг Т.Аюурсайхан дарга чиглэл үүрэг болгон хасуулах талаар хэлэлцэхийг хүсэж байна. Цахим мөнгө мөн биш эсэх гэсэн талаас ярилцахгүй бол, хувь хүн болон хувь компанийн цахим мөнгө байдаггүй юм. Иймд тус асуудлыг эргэж харах хэрэгтэй гэж үзэж байна."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn