Аливаа төрлийн харилцах дансанд хүү төлөхгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.06\ нэгдсэн хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэв.
ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа.
Хуулийн төсөл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой бөгөөд бүтцийн хувьд нийт 6 бүлэг, 32 зүйлтэй.
Монгол Улсын банкны салбарын 95 хувь, санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар эзэлж байгаа бөгөөд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс үзүүлж байгаа үйлчилгээний ихэнх хэсгийг банк, үйлчилгээ авч байгаа этгээдийн дийлэнх хэсгийг банкны харилцагч нар бүрдүүлж байгаа аж.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйлчилгээ авч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор дээрх хуулийг 1995 онд баталсан бөгөөд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд уг харилцаанд холбогдох бусад хууль тогтоомж шинэчлэгдсэн гэдгийг танилцуулгад дурдлаа. Тухайлбал, Банкны тухай хууль 2010 онд шинэчлэгдсэн бол Монгол Улсын төлбөрийн системд холбогдох харилцааг зохицуулах Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2017 онд батлагдаж, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Түүнчлэн санхүүгийн хэрэглэгч, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжил дэвшлийн үр дүнд бий болсон дэвшилтэт технологи, цахим хэрэгслийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах явдал хурдацтай нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор банк, эрх бүхий хуулийн этгээдээс үзүүлэх үйлчилгээг мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилан харилцагчдадаа үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан талаар мөн дурдав. Дээрх хууль зүйн болоод практик хэрэглээ шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна.