Зээлийн үйл ажиллагааг сайжруулах эрх зүйн зохицуулалтыг хийнэ
2020.10.22

Зээлийн үйл ажиллагааг сайжруулах эрх зүйн зохицуулалтыг хийнэ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Хуулийн төсөл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой бөгөөд бүтцийн хувьд нийт 6 бүлэг, 32 зүйлтэй.  Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Монгол Улсын банкны салбарын 95 хувь, санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар эзэлж байгаа бөгөөд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс үзүүлж байгаа үйлчилгээний ихэнх хэсгийг банк, үйлчилгээ авч байгаа этгээдийн дийлэнх хэсгийг банкны харилцагч нар бүрдүүлж байгаа аж.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйлчилгээ авч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор дээрх хуулийг 1995 онд баталсан бөгөөд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд уг харилцаанд холбогдох бусад хууль тогтоомж шинэчлэгдсэн гэдгийг танилцуулгад дурдлаа. Тухайлбал, Банкны тухай хууль 2010 онд шинэчлэгдсэн бол Монгол Улсын төлбөрийн системд холбогдох харилцааг зохицуулах Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2017 онд батлагдаж, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Түүнчлэн санхүүгийн хэрэглэгч, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжил дэвшлийн үр дүнд бий болсон дэвшилтэт технологи, цахим хэрэгслийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах явдал хурдацтай нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор банк, эрх бүхий хуулийн этгээдээс үзүүлэх үйлчилгээг мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилан харилцагчдадаа үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан талаар мөн дурдав. Дээрх хууль зүйн болоод практик хэрэглээ шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн байр суурийг ЭНД дарж үзнэ үү.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Т.Доржханд нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.4 хувь нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.