Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2020.10.21

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Монгол Улсын банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалах зорилгоор банкны хяналт, шалгалтыг сайжруулж, олон улсын стандарт, зарчмыг үе шаттай нэвтрүүлэх чиглэлээр банкны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох шинэчлэлийн цогц бодлогыг төрөөс баримталж байгаа юм.

2020 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар банкны салбарын нийт 35.2 их наяд төгрөгийн активын 90 орчим хувийг олон нийтийн хөрөнгө бүрдүүлж байгаа бол 10 орчим хувийг банкны хувьцаа эзэмшигчид хамаарах өөрийн хөрөнгө бүрдүүлж байгааг тэрбээр төслийн танилцуулгынхаа үеэр дурдав.

Гэтэл энэ 10 орчим хувь нь олон нийтийн хяналтаас харьцангуй ангид байдлаар банкны удирдлагыг дангаар хэрэгжүүлдэг, Монгол Улсын банкны салбарын сул, эмзэг тал болж байгааг онол практикын олон тооны судалгаа харуулдаг байна. Уг байдал нь банкны хувьцаа эзэмшлийг хэт төвлөрсөн байдлаар даамжирч, цаашлаад банкны төлбөрийн чадварт нөлөөлөн, төрөөс их хэмжээний зардлаар шийдэхүйц хямралд ч хүрэх эрсдэлтэй тул Улсын Их Хурлаас онцгой анхаарч, холбогдох бодлогын баримт бичгүүдийг гаргасан. 

Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкны шийдвэрийг цөөн тооны этгээдээс хамааралгүй болгох, мэдээлэл нээлттэй байж зах зээлийн дохиоллын зарчмыг нэвтрүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Банкны тухай хуульд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүнд тавигдах шалгуурыг тодорхойлж аливаа этгээд хоёр банкинд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон зохицуулалтыг тусгасан боловч банкны хувьцаа эзэмшигчийн эзэмшиж болох хувьцааны хэмжээ болон банк үүсгэн байгуулах хэлбэрт шаардлага тогтоогоогүй байна.

Банкны тухай хуульд банк нь зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байх тухай, аливаа этгээд банкны саналын эрхтэй хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглох тухай, банкны жижиг хувьцаа эзэмшигч, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн эрхийг нэхэмжлэлийн дараалалд өөрчлөлт оруулж хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар банкинд өмчлөл, удирдлагын хэт төвлөрсөн байдал арилж, банкны үйл ажиллагаа нээлттэй, ил тод болж, зах зээлийн оролцогчдод мэдээлэл тэгш хүртээмжтэй болж хөрөнгийн зах зээлийн хөгжилд дэмжлэг болохоос гадна зах зээлээс банкыг үнэлэх хөшүүрэг болно гэж үзсэн гэлээ.

Б.Баттөмөр гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Б.Энхбаяр, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авлаа.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Б.Баттөмөр, Т.Амартүвшин нарын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь төслийг хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь 90.9 хувийн саналаар дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо