Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2020.10.21

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хуралдаан үргэлжилсэн юм.

Хуулийн төсөл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой бөгөөд бүтцийн хувьд нийт 6 бүлэг, 32 зүйлтэй.  Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Монгол Улсын банкны салбарын 95 хувь, санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар эзэлж байгаа бөгөөд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс үзүүлж байгаа үйлчилгээний ихэнх хэсгийг банк, үйлчилгээ авч байгаа этгээдийн дийлэнх хэсгийг банкны харилцагч нар бүрдүүлж байгаа аж.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйлчилгээ авч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор дээрх хуулийг 1995 онд баталсан бөгөөд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд уг харилцаанд холбогдох бусад хууль тогтоомж шинэчлэгдсэн гэдгийг танилцуулгад дурдлаа. Тухайлбал, Банкны тухай хууль 2010 онд шинэчлэгдсэн бол Монгол Улсын төлбөрийн системд холбогдох харилцааг зохицуулах Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2017 онд батлагдаж, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Түүнчлэн санхүүгийн хэрэглэгч, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжил дэвшлийн үр дүнд бий болсон дэвшилтэт технологи, цахим хэрэгслийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах явдал хурдацтай нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор банк, эрх бүхий хуулийн этгээдээс үзүүлэх үйлчилгээг мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилан харилцагчдадаа үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан талаар мөн дурдав. Дээрх хууль зүйн болоод практик хэрэглээ шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн төслийн нэрийг уг хуульд нийцүүлэн төлбөр тооцоо гэснийг мөнгөн хөрөнгийн шилжүүлэг гэж өөрчилсөн байна. Мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийн агуулга, түүнд тавих доод шаардлагыг зохицуулагч байгууллагаас баталж,  баталсан  ерөнхий нөхцөлд нийцүүлэн банк, эрх бүхий хуулийн этгээдээс өөрийн үзүүлж байгаа мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд баримтлах ерөнхий нөхцөлийг батлах талаар төсөлд тусгажээ.

Түүнчлэн харилцах дансыг нэр томъёоны хувьд төлбөрийн данс болгож өөрчлөн төлбөрийн дансны үлдэгдэлд хүү төлөхгүй байх, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн харилцагчид түүний данстай холбоотой мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болох талаар төсөлд тусгасан байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Б.Жавхлан, Ж.Ганбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан.

Гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа, одоо иргэн, хуулийн этгээд хугацаагүй хадгаламжийн гэрээг банктай байгуулдаг бөгөөд төсөлд зөвхөн иргэн харилцах болон хугацаагүй хадгаламжийн гэрээ байгуулах, харин аж ахуйн нэгж хугацаагүй хадгаламжийн гэрээ байгуулахгүй байх зохицуулалтыг тусгаж байгаа гэв.

Мөн аливаа төрлийн харилцах дансанд хүү төлөхгүй байхтай холбоотой зохицуулалтууд тусгасан байна. Түүнчлэн ФАТФ-ын зөвлөмжтэй холбоотой хэд хэдэн заалтууд бий бөгөөд гадны аж ахуйн нэгж, иргэн, дотоодын иргэн, аж ахуйн нэгж данс нээхдээ өөрийн эцсийн өмчлөгчөө тодорхойлох зохицуулалтыг тусгасан гэлээ.

Зарим банк иргэдээс валют хүлээн авахгүй, валютын үйлчилгээг төгрөгөөр авахыг тулгаж байгаа нөхцөлийн талаар тодруулахад “Энэ нь цар тахлын нөхцөлд зохицуулж буй хуулийн үйлчлэлтэй холбоотой. Ялангуяа санхүүгийн зуучлалын үйчилгээ явуулдаг банкуудын үйл ажиллагааны талаарх зохицуулалт тусгагдсан. Энэ нь төгрөгийн ханшийг хамгаалах, нөгөө талдаа долларжилтыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт дуусах хүртэл дээрх зохицуулалт хэвээр үргэлжилнэ” гэлээ.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн төслийн 9 дүгээр зүйлийн 9.11-т “Төрийн өөрийн өмчийн мөнгөн хөрөнгийг зөвхөн Монголбанкинд байршуулна” хэмээх зохицуулалттай холбоотой байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд банкны салбарыг цахимжуулах чиглэлд бодлогын түвшинд бодлогыг нь нээж өгөх, Төрийн санд төрийн бүх сангийн эх үүсвэрийг татахаас гадна 51-ээс дээш хувийн төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн эх үүсвэрийг татах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ.

1995 оноос хойш огт хөндөгдөөгүй байсан хуульд 25 жилийн дараа цаг үеийн шаардлагаар шинэчлэлт хийх гэж байгааг Б.Жавхлан гишүүн цохоод дахин энэ хугацаанд тогтвортой үйлчлэх, сайн хууль батлах нь чухал гэлээ. Банкны системийн хувьд чухал ач холбогдолтой, банк төдийгүй системээрээ дамжин бизнес, бусад бүх асуудалд шууд болон дам хамаарал, нөлөөтэй эрх зүйн зохицуулалт гэдгийг онцоллоо. Тиймээс асуудлыг олон талаас судалж, бүх талын оролцоог ханган сайтар боловсруулж, батлах ёстой гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлэв.

Ингээд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.