2021.04.06
Б.Баярсайхан: Батлан хамгаалах салбарт ёс суртахуун, ажлаа хийх сэтгэл дутаж байна
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар нээлттэй хуралдлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
"Өнөөдөр би УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг төлөөлж үг хэлж, асуулт асууж байна. Монголын цэрэг армийн тогтолцоонд ёс суртахууны ил тод байдлын шинэчлэл өөрчлөлтийг хийх цаг нь ирсэн гэдгийг гарч буй асуудлууд харуулж байна. Бид зөвхөн амь эрсэдсэн, бусдын гарт яргалуулсан, хүчирхийлүүлсэн цэргүүдийн талаар яриад байна. Хөдөлмөрийн чадвараа их, бага хэмжээгээр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон залуусын тоог ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригоос асууя.
Амь хохирсон цэргүүдийн судалгаанаас харахад ихэнхдээ салаа, жагсаалын дарга нарынхаа гарт амиа алдсан байдаг нь цэргийн шат шатны хяналт сул, дураараа авирлах, яргаллыг чөлөөтэй үйлдэх боломжийг олгодог юм байна гэж харагдаж байна. Та энэ дээр төсөв мөнгө битгий яриарай. Энэ бол та нарын ёс суртахуун, ажлаа хийх сэтгэл дутаж байгаагийн илрэл. Та цаашид ийм зүйл гаргахгүйн тулд цэргийн алба хаагчдад ёс зүйн сургалт оруулна гэж байна. Энэ үгэндээ ямар баталгаа өгөх вэ.
Хүүхдээ цэрэгт явуулах айл болгон дэглүүлж, зодуулбал яах вэ гэдэг асуудал ярьдаг. Энэ байдлыг хэзээ таслан зогсоох вэ?
Цэргийн ангийн алба хаагчид гэр орон, эхнэр хүүхдэдээ уурласан уураа байлдагчдад очиж гаргаад байдаг юм уу. Тийм хүмүүстэй ажиллах сэтгэл зүйч гэж байна уу?"
ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг:
"Өнгөрсөн хугацаанд буюу 2016-2020 оны хооронд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нийт 62 гарсан байна.
Зэвсэгт хүчинд орж ирж байгаа залуус нийгмийн бүх давхрагаас ирдэг. Амьдралд золгоход хүндрэлтэй газраас ч ирж байдаг. Энэ бүхэнтэй бид жилийн хугацаанд ажиллаад, засаад явуулахад хүндрэлтэй.
Сэтгэл зүйчийн хувьд яг энэ салбарт ажиллахаар төгссөн нэг хүн байдаг. Тэр нь Цэргийн төв эмнэлэгт байдаг. Бусад нь тодорхой хэмжээнд дамжаа дүүргэсэн албан тушаалтнууд байдаг."
Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Баярсайхан саналаа хэллээ.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn