Ж.Хунан:Авилгатай тэмцэх газар эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунантай уулзаж, ярилцлаа
ХЭҮК-т эрүүдэн шүүх гэмт хэрэгтэй холбоотой хэчнээн гомдол ирдэг вэ. Нийт гомдол мэдээллийн хэр их хувийг танай комисс шийдвэрлэсэн бэ. Тухайлбал, сүүлийн гурван жилийн байдлаар эрүүдэн шүүлттэй холбоотой гомдол мэдээлэл өссөн үү. Аль эсвэл буурсан дүнтэй байна уу?
-Өнгөрсөн онд ХЭҮК-т эрүүдэн шүүсэн гэх 47 гомдол мэдээлэл ирсэн. Гомдол мэдээллийг нарийн судалж үзвэл эрүүдэн шүүлт биш байх тохиолдлууд байдаг. Хэрэв гомдол мэдээлэлд эрүүдэн шүүсэн байх магадлалтай байвал АТГ руу шилжүүлдэг. Бид мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй болохоор эрх бүхий байгууллагад нь шилжүүлдэг. Сүүлийн гурван жилийн статистик мэдээллийг харвал нийт 149 гомдол ирсэнээс 38 гомдлыг мөрдөн шалгах эрх бүхий байгууллага руу шилжүүлсэн.
-Хүнийг эрүүдэн шүүх, тамлан зовоох арга механизм одоо ч байна гэж танай комиссоос хэлдэг. Үүний эсрэг танай комисс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
- Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг гардаг орчин нь өөрөө их онцлог. Өөрөөр хэлбэл, хорих ангиуд, цагдан хорих байр, цэргийн ангиуд, СЭМҮТ, ахмадуудын асрамжийн газар гэх мэт эрх чөлөөг хязгаарладаг, тусгай хамгаалалттай газар эрүү шүүлт тулгах гэмт хэрэг гардаг. Эрүүдэн шүүх гэдэг нь хүссэн мэдээлэл, мэдүүлэг, тайлбар авах зорилгоор өөрөө болон бусдаар хэн нэгнийг дарамтлах, сэтгэл санаа, бие махбодийг шаналган зовоох хэлбэрээр үйлдэгддэг. Тусгай хамгаалалттай, хаалттай газар олон нийт, бид бүгд байнгын хяналт тавих боломжгүй байдаг. Дээрх дурдсан эрсдэлтэй газруудад хаалганы цаана юу өрнөж байгааг тэр бүр мэдэх боломжгүй. Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг бол ноцтой гэмт хэрэгт тооцогддог. Монгол Улс НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод нэгдэн орж 2002 онд Эрүүгийн хуулиндаа Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг томьёолж тусгаснаас гадна Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг байгуулсан байдаг бөгөөд тус алба нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг байсан ч 2014 онд татан буулгасан. Гэхдээ мөрдөн шалгахаа больсон гэсэн үг биш. Өнөөдөр Авилгатай тэмцэх газар эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгаж байна. Аливаа гэмт хэрэгтэй тэмцэх шилдэг арга нь урьдчилан сэргийлэх. Тийм учраас Хүний эрхийн Үндэсний Комисс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаа, цэргийн анги, бусад байгууллагатай хамтран сургалт зохион байгуулдаг. Үүнээс гадна хорих анги, цэргийн ангиудад хяналт шалгалт зохион байгуулж санал, зөвлөмж, шаардлагыг гаргаж холбогдох газар, удирдлагад хүргүүлдэг. Яг эрүү шүүлттэй холбоотой асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комисс 13 удаагийн илтгэлдээ тодорхой санал, зөвлөмжийг тусгаж УИХ-д хүргүүлсэн байдаг. Сүүлд 18 дахь илтгэлийн дагуу УИХ-ын 62 дугаар тогтоол гарч тодорхой чиглэлийг Засгийн газарт өгсөн. Хүний эрхийн Үндэсний Комиссын шаардлагаар улсын хэмжээнд мэдүүлэг авах бүх өрөөг камержуулсан. Мөрдөгчдийн мэргэжлийн ур чадварыг шалгалтын тестэд хүний эрхийн хичээлийг оруулсан. Хууль сахиулах байгууллагын алба хаагчдад хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэж, сургалтуудыг зохион байгуулж байна. Бүх түвшний сургалтын хөтөлбөрт хүний эрхийн хичээл оруулахыг Боловсролын сайд дэмжихээ илэрхийлсэн. Өнгөрсөн 7 хоногт бид уулзаж, энэ талаар санал солилцож, хамтран ажиллахаар тохирсон.
-Гэвч цэргийн ангид дахин нэг байлдагч нас барлаа. Үүнээс ч өмнө цэргийн хатуу дэглэлт байсан. Үүнд эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг танай комиссын гишүүн хяналт тавьж ажиллаж чадсан уу?
- ХЭҮК-ийн зүгээс хаалттай орчинд тогтмол ажиллах, хяналт тавих боломж байдаггүй. Гэхдээ Комисст ирсэн гомдол мэдээллийн дагуу хийгдэж буй хяналт шалгалтын явцад зөрчил илэрсэн бол бид тухайн цэргийн ангийн удирдлагуудад зөрчлийг арилгах зөвлөмж, шаардлага хүргүүлдэг. Өнгөрсөн хугацаанд ХЭҮК -оос Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа 38 цэргийн ангид хяналт шалгалт хийсэн байдаг. Саяхан олон нийтийн сүлжээнд цэргүүд бие биенээ дэглэж байсан бичлэг цацагдсан. Энэ дагуу бид Зэвсэгт хүчний жанжин штабт шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад дүрмийн бус харилцаа байх ёсгүй, цэргүүд нэгийгээ дэглэдэг асуудал байж болохгүй, хүний эрхийн сургалт явуулах, хяналтаа сайжруулахыг шаардсан. Гэтэл цэргийн ангид байлдагч бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарлаа. Энэ бол бидний өмнөх шаардлагыг биелүүлээгүй гэсэн үг. Энэ мэтчилэн бидний шаардлагыг биелүүлэхгүй бол хүний эрх зөрчигдсөн тохиолдол гарсаар л байна. Олны хяналтаас далдуур байдаг цэргийн анги, нэгтгэлд тусгай сахилга бат, захирах, захирагдах ёс, дүрэм, журам, дэг мөрдөгддөг. Алба хаагчид “мэдлээ гүйцэтгэе” гэсэн тушаалыг дагадаг. Тиймээс дүрмийн бус харилцаа гарах магадлал өндөр. Түүнд тавих хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Магадгүй орчин нөхцөл нь дүрмийн бус харьцах боломжийг олгож байгааг үгүйсгэхгүй. Мөн тушаал шийдвэр өгч буй хүмүүс нь хэр бэлтгэгдсэн бэ, хүний эрхийн хэм хэмжээнүүдийг хэр мэдэх вэ гэдгээс их хамаарч байна. Уг нь ХЭҮК 2018 онд ЗХЖШ-д 45 хүний эрхийн сургагч багш бэлгэж өгсөн байдаг.
-ХЭҮК-оос УИХ-ын гишүүдэд илтгэл бичиг хүргүүлдэг ч үр дүнгээ өгсөн үү. Тухайлбал, танай комиссоос 19 удаа илтгэл гаргасны 13-т нь эрүүдэн шүүлт байна гэж дүгнэж, УИХ-д танилцуулсан. Үүнээс хэчнээн нь шийдвэрлэгдсэн бэ. Аль эсвэл цаасан дээр бичигдээд л өнгөрсөн үү?
-Бидний чиг үүргийн нэг бол Хүний эрхийн төлөв байдлын талаарх илтгэлийг УИХ-д өргөн барих замаар хүний эрхийг хамгаалах. Өөрөөр хэлбэл хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийн түүнийг арилгах талаар тодорхой санал зөвлөмжийг өгч шийдвэр гаргуулж арга хэмжээ авхуулах. Түрүүн хэлсэн 18 дах илтгэлээр эрүүдэн шүүхтэй холбоотой 3 тодорхой саналыг хүргүүлсэн. Үүнээс нэг нь ажил хэрэг болсон. Тэр нь юу вэ гэвэл Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг ямар ч байсан байгуулсан. УИХ 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчлэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүний албыг бий болгосон. Гишүүний сонгон шалгаруулах ажиллагаа яг одоогоор хийгдэж байна. Удахгүй тэр гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлээд эхлэнэ. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах хараат бус бие даасан байгууллагыг удахгүй байгуулна гэдэгт итгэлтэй байна.
-Цагдан хорих байруудад суурилуулсан хяналтын камерт үлдсэн бичлэгийг танай комиссоос харах эрхтэй юу. Хэрэв харах боломжгүй тохиолдолд цаашид хүнийг эрүүдэн шүүх хэрэг гарах эрсдэл нь өндөр байх. Үүний эсрэг цаашид ямар арга хэмжээ авах ёстой вэ ?
-Бичлэг бол маш том баримт бас хяналт юм. Комиссын зүгээс хяналт шалгалтын явцад камерын бичлэгийг үздэг. Ер нь камергүй өрөө байна гэдэг чинь л том эрсдэл. Тиймээс камержуулахыг шаарддаг. Комисс ч тэр бусад хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны хувьд ч тэр байнга 24 цаг тэнд байх боломжгүй тул камер л үзнэ. Тиймээс бүрэн камержуулах, тог тасрах, камерын бичлэг устахгүй байх бүхийн нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал. Үүний хажуугаар алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тогтмол хүний эрхийн сургалтад хамруулж, хяналтыг сайжруулах шаардлагатай юм.