2025.05.29

Х.Булгантуяа: УИХ-аас ЗГ-т өгсөн чиг үүргийн хэрэгжилтийг багадаа 50 хувьтай дүгнээд ирэх жилийн төсвийн хүрээндээ тусгаж тооцох ёстой

УИХ-ын чуулганы /2025.05.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Төсвийн хүрээний мэдэгдэл дээр УИХ-ын гишүүд 9 тоо баталж байгаа. ДНБ-ий өсөлт, Инфляци, төсвийн орлого, төсвийн зарлага, тэнцэржүүлсэн тэнцэл гээд. Асуухаар ЭЗХЯ, Сангийн яам энэ 9 тоогоо л ярина, үүнээс халихгүй гэх. Та бүхний заль л даа. Үүнийгээ батлуулчихаад, намар энэ хүрээнд төсвөө оруулж ирэхдээ та нар батлаад өгчихсөн гэх байх. Бид дотрыг нь мэдэхгүй учраас асуухаас өөр аргагүй болчихоод байна. Учир нь энэ хүрээнд төсвөө хийгээрэй гээд үүрэг чиглэлээ УИХ-ын гишүүд бид та бүгдэд өгч байгаа юм. Мэдээж уг 9 тоог гаргахын тулд ЭЗХЯ, СЯ хамтраад өдөржин, шөнөжин ажилласан байж таараа. Үүний үндэслэлийг асуух нь УИХ-ын гишүүдийн үүрэг.

УИХ 2025 оны төсвийг батлахдаа 2024 оны 12-р сарын 12-ны өдөр 52-р тогтоолоор ЗГ-т баахан чиглэл өгсөн. Энэ чиглэлүүдийн хэрэгжилт өнөөдөр 50 хувьтай байх ёстой. Энэ юу болж байна вэ? Учир нь үүний хэрэгжилтэд тулгуурлаж 2026 оны төсвийг ингэж хий, энэ хүрээнд хий гэдэг чиглэл, тоог баталж УИХ өгөх гээд байдаг. Үүний хэрэгжилт ямар байгааг төсвийн хүрээний мэдэгдлээ өргөн барихад 50 хувийн тайланг өргөн барьсан бол зүгээр байлаа.

1.Төсөв санхүү, татварын орчныг боловсронгуй болгоно гэсэн. Энэ УИХ-д өргөн баригдаагүй. Одоо ганцхан сарын хугацаа байна. Өргөн баригдаад батлагдаад татварын орчныг сайжруулахад төсвийн орлого буурах, НД-ын реформ хийгдвэл сангийн орлого буурах үед та бүхэн төсвийн хүрээгээ өөрчлөх юмуу? Гэтэл 3 сарын хугацаанд өөрчлөхгүйгээр хуулиа баталчихсан.Үүнийг яая гэж бодож байна вэ?

2. Тогтоолоор өгсөн бүртгэлийг сайжруулах, ерөнхийдөө бизнес, ААН-ийн бизнес хийх орчныг сайжруулах ажлууд хэдэн хувьтай явж байна вэ? Ашигт малтмалын нэгдсэн бүртгэлийг сайжруулна гэсэн.

3. Төрийн өмчит компанитай холбоотой нэлээдгүй үүрэг чиглэл өгсөн. ОУ-д нэр хүнд бүхий хуулийн этгээдтэй хамтран тэдгээрийн засаглалыг сайжруулна гэсэн. Бүтэц орон тоог сайжруулж, зардлыг бууруулна гэсэн. Тэр ажил хэдэн хувьтай хийгдэв? Үүний үр дүн төсвийн хүрээнд хэрхэн тусч байна вэ? 2025 онд юу хийгээд 2026 оны төсвийн хүрээнд хэрхэн сайжирч орж ирж байна? Зардлаа бууруулж, орлогоо нэмэгдүүлж байгааг хэдэн хувиар хэрхэн тооцсон бэ? гээд асуувал нэлээд олон тоо байна.

4. Мөн тогтоол дээр өгсөн улсын төсвөөс өгч байгаа олон татаасуудын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөлд судалгаа хийх ёстой. Энэ нь 50 хувь хийгдсэн байх гэж бодож байна. Учир нь энэ тогтоол батлагдсанаас хойш хагас жил өнгөрсөн байна. Үүний үр дүнг 2026 ондоо татаасаа яаж бууруулна гэж төсөвлөж төсвийн хүрээндээ оруулж ирэв?

2020 онд төсвийн нийт зарлага 13,9 их наяд байв. 2026 онд 33,5 их наяд буюу 6 жилийн хугацаанд 20 орчим их наядаар нэмэгдүүлж орж ирлээ. Татаас, эдийн засгийн үр өгөөж гэдгийг 2025 оны төсвийг батлуулахдаа зайлшгүй авч үзэхгүй бол, татвар болон төсөв гэдгээ арай өөр нүдээр харахгүй бол болохгүй нь гэж байсан.

Түүний асуултад ЭЗХЯ-ы "Макро эдийн засгийн бодлогын газар"-ын дарга Л.Энх-Амгалан хариуллаа.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн