ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
2021.04.02

ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2021.04.02) нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцууллаа.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан асуулт асууж тодруулсан бөгөөд уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Нэгдсэн хуралдааны төгсгөлд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нийт гишүүдийн олонх нь дэмжиж, уг хуулийн төсөл батлагдсанаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө