
С.Бямбацогт: Монгол Улс ЭНХИЙН ТӨЛӨӨ дэлхийн хамтын нийгэмлэгтэй мөр зэрэгцэн зүтгэх болно
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ оролцож байна.
ХБНГУ-д болж байгаа энэхүү уулзалтад дэлхийн 130 орны 800 гаруй төлөөлөгч, 54 улсын Батлан хамгаалахын сайд, дэд сайд нар энхийг сахиулах ажиллагаа дахь улс орнуудын оролцоо, улс төрийн дэмжлэг, сорилтод нөхцөлд үр дүнтэй, шуурхай хариу үзүүлэх чадавх зэрэг сэдвээр хэлэлцэж, ирээдүйн чиг хандлагаа тодорхойлж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд найрамдах Конго улсад явагдсан, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээснээр эхэлсэн. Үүнээс хойш 23 жилийн хугацаанд Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Баруун Сахар, Бүд найрамдах Судан улс, Этиоп-Эитрия, Гүрж, Сьерра Леон, Чад, Бүгд найрамдах Өмнөд Судан улс, Исламын Бүгд найрамдах Афганистан улс, Судан улсын Дарфур муж, Йемен, хилийн маргаантай бүс нутаг болох Абией мужид явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, Ирак, Косово, Исламын бүгд найрамдах Афганистан улсад явагдсан энхийг сахиулах ажиллагаанд оролцоод байна.
Цаашид ч даян дэлхийн энхийн төлөөх үйлсэд Монгол Улс хүчин зүтгэж, энхийг сахиулагчдынхаа оролцоог нэмэгдүүлэхээ Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт форумын үеэр илэрхийллээ.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:
ЭНХИЙН ТӨЛӨӨХ ҮЙЛСЭД МОНГОЛ УЛС ХҮЧИН ЗҮТГЭСЭЭР БАЙХ БОЛНО
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын дээд түвшний уулзалтад оролцож явна. ХБНГУ-д болж байгаа энэ уулзалтад дэлхийн 130 орны 800 орчим төлөөлөгч, 54 улсын Батлан хамгаалахын сайд, дэд сайд оролцож, энхийг сахиулах ажиллагааны ирээдүйн чиг хандлага, улс орнуудын оролцооны талаар хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд манай 900 алба хаагч дэлхийн халуун цэгт үүргээ нэр төртэй гүйцэтгэж, эх орон, ард түмнийхээ нэр төр, итгэлийг дааж яваа билээ. Энэ оролцоог цаашид ч нэмэгдүүлэх болно. Монгол Улс ЭНХИЙН ТӨЛӨӨ дэлхийн хамтын нийгэмлэгтэй мөр зэрэгцэн зүтгэх болно гэдгээ илэрхийллээ.

Сэтгүүлч