Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллана
2020.12.02

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлд:

Өнгөрөгч оны долдугаар сарын 25-27-ны өдрүүдэд БНСВУ-ын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, дэслэгч генерал Нгуен Чиен Танг тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан тохиролцсон байна. Энэ хүрээнд Вьетнамын талд төслийг 2019 оны долдугаар сард хүргүүлж, тус улсын парламентаас холбогдох зөвшөөрөл, шийдвэрүүдийг авчээ.

Уг хэлэлцээрийн зорилго нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах боломжийг бий болгох, салбарын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад оршиж байна.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хангах, гуравдагч хөршийн бодлогыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.