2021.04.05

Ц.Мөнхцэцэг гишүүний ахалсан “Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хууль батлагдлаа

Монгол Улс анх удаа Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай боллоо.

Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар санаачлан өргөн барьж, чуулганаар өнгөрсөн оны12 сараас хэлэлцэгдэж эхэлсэн. Харин тус хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг 4 сарын турш ахалан ажиллаж, энэ хугацаанд мэргэжлийн хүмүүс болон иргэдийн дунд олон удаагийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байсан юм.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг

Монгол хүний эрх хамгийн зөрчигдөж байгаа өнөө цагт  Хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгаж байж эрх зүйт төр төлөвшиж тогтоно.Иймд Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хаврын чуулганы хууль хэлэлцэх ажлыг  эхлүүлнэ гэж УИХ-ын дарга Занданшатар энэ хаврын чуулганы нээлтэнд хэлсэн үгэндээ онцолж байсан нь ийнхүү биелэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар

Түүнчлэн УИХ дарга хууль батлагдах үед энэ хуулийг ахлаж ажилласан Ц.Мөнхцэцэг гишүүн болон ажлын хэсгийн бусад гишүүдэд санаачлагатай, хичээнгүй сайн ажилласанд нь талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэж байсан юм. 

Энэ парламентэд сонгогдож орж ирсэн залуу гишүүдийн нэг Ц.Мөнхцэцэг өмнө нь Өнөөдөр сонинд улс төр, гадаад мэдээний албанд тоймч,орчуулагч, МУБИС-д улс төр судлал,социологийн тэнхимд багш, ХБНГУ, АНУ-ын их сургуульд Зочин судлаачаар ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг

Түүний санаачилсан хуулиудад Жендэрийн эрх тэгш байдлын тухай, Хүүхэд хамгааллын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль байгаагаас гадна Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай, Зохиогчийн эрхийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг ахлаж ажиллаж байна.

Гишүүн сүүлийн үед Хүний эрхийн чиглэлээр санаачлагатай ажиллаж байгаагаас гадна  Биеийн тамир, спортыг дэмжих лобби бүлгийг ахалаж мөн Авлигын эсрэг бүлгийн гишүүнээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ц. Мөнхцэцэг Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар:
Ази тивдээ анх удаа Монгол улс Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуультай боллоо. Дэлхийн 40 гаруй улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжтой. Харин манай улс “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлж, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажууллаа. Энэ бол олон улсын хүний эрхийн тогтолцоог нутагшуулж байгаа сайн жишиг. Энэ хуульд хүний эрхийг хамгаалагч гэж хэн бэ, тэд ямар эрх, үүрэг хүлээх вэ гэдгийг тодорхойлж, мөн өөрийн болоод бусдын эрхийн төлөө тэмцэж байгаа тэднийг хэрхэн, яаж хамгаалах, үүнд төр болон бусад талууд ямар үүрэг хүлээх вэ гэдгийг тодорхой зааж өгснөөрөө ач холбогдолтой болсон. Мөн Хүний эрхийн төлөө тэмцэгчдийг хуулиар хамгаалах, айх аюул, дарамт шахалтгүй ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх, тэднийг "хуурамч" тэмцэгчдээс ялгах боломжийг энэ хуулиар бий болгосон.

гэдгийг онцолж байсан.

Гишүүний хувьд УИХ-ын гишүүн болоод анх удаа Ажлын хэсгийг нь ахалж ажилласан анхны хууль болох Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг ийнхүү амжилттай батлуулснаар Хүний эрхийн хамгаалагчид хуулиараа хамгаалагдах эрхтэй болж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn