2020.12.17

Б.Баярсайхан: Хүний эрхийг хамгаалах хороо ямар эрх мэдэл, чадвар, чадамжтай байх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"Монгол Улсад хүчирхийлэл их байгаа энэ цаг үед хүний эрх хамгаалагч гэсэн нэр томъёотой хууль батлах гэж байгаад талархан, дэмжиж байна. Асуудлыг 2 талаас нь авч үзэн тодорхой сайн зохицуулалт хийж, ойлголтыг нэг мөр болгох ёстой.

Учир нь хүний эрх хамгаалах чиглэлээр ажилладаг хувь хүн байгууллагын эрх ашиг хамгаалах хүмүүсийн эрх зүйн орчин бүрдэх сайн талтай ч нөгөө талдаа хүний эрх хамгаалагч нэрээр бусдын эрхийг зөрчдөг гутаан доромжилдог, өөр ашиг сонирхлоор ажилладаг хэсэг бүлэг бий болох вий гэсэн болгоомжлол байна.

Ингэхгүйн тулд хуулийн зохицуулалт маш нарийн, ойлгомжтой, олон талаас тусгасан, хүний эрх хамгаалагчийг жинхэнэ утгаараа ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн эрх зүйн орчин байгаасай гэж хүсэж байна.

Надад хоёр асуулт байна.

1. Хүний эрхийг хамгаалах хороо нь ХҮЭК-ын дэргэд хараат бусаар, бие даасан байна гэжээ. Энэ хороо нь ямар эрх мэдэл, хэмжээ, чадвар, чадамжтай байх вэ? Энэ талаар хуулльд тодорхой тусгаагүй байна. Цагдаа, Шүүхийн байгууллага хүний эрхийн эсрэг үйлдэл хийж байгаа бол энэ хороо ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Цагдаа, шүүх гэлтгүй цахим орчинд хүний эрхийг зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоох ямар эрх хэмжээ энэ хороонд байгаа вэ?

Хүний эрх зөрчигчдөд энэ хорооны сануулга, хариу үйлдэлд зогсох, тэдний үгийг сонсох, шаардлагыг биелүүлэх ямар хөшүүрэг байна вэ?

2. Олон хуульд хүний эрх хамгаалагчийн үр нөлөө, оролцоог зааж, зохицуулсан заалт оруулах шаардлага гарч ирж байна. Хуулиудад энэ чиглэлийн нэмэлт, өөрчлөлт орох уу? Тухайлбал Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Байцаан шийтгэх хууль, Зөрчлийн тухай хуульд хүний эрх зөрчигддөг. Энэ бүхэнд хүний эрх хамгаалагч тэдний эрхийг хамгаалж дуу хоолой болж байгаа хөндлөнгийн хяналт болох энэ хүмүүсийн ажиллах орчин нөхцөлийг илүү сайжруулахын тулд дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж харж байна."

Түүний асуултанд хуулийн төслийн санаачлагч Д.Цогтбаатар хариуллаа.