“Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслөөр цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
2021.01.17

“Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслөөр цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслөөр нээлттэй, цахим хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, ажлын хэсгийн гишүүн Ж.Сүхбаатар, С.Одонтуяа нарын гишүүд,  иргэд, олон нийт, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаач 60 гаруй хүн оролцлоо.

Хэлэлцүүлгийг хуулийн төслийг хэлэлцүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц. Мөнхцэцэг нээж, ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг хуульчлах хэрэгцээ, шаардлага, “Эмнести интернэшнл” олон улсын байгууллагын Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа хүний эрх хамгаалагчийг хамгаалж буй олон улсын жишиг, туршлага, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын” тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ.

Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар, ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан, ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ, “Хүний эрх” форумын гишүүд, гадаад улс болон орон нутагт суугаа иргэд санал бодлоо илэрхийллээ.

Хуулийн төсөлд санал өгөхийг хүсвэл УИХ-ын parliament.mn, lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn цахим хуудаст хандана уу.