Б.Алтантуяа: Хуулийн төсөлд хүний эрхийн төлөө тэмцэгчдийн гэр бүлийг хамгаалах заалт оруулснаараа онцлогтой
С.ЮМСҮРЭН
Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар Монголын “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.АЛТАНТУЯАТАЙ ярилцлаа.
-Чуулганаар хэлэлцэж буй хуулийн төслийн талаар ярилцахаас өмнө өнөөгийн нөхцөл байдлаас яриагаа эхлүүлье. Манай улсын хүний эрхийг хамгаалагчид ямар нөхцөлд хэрхэн ажиллаж байна вэ?
-Монгол Улс хүний эрх хамгаалагчдаа гуравдагч этгээдийн халдлагаас хамгаалж чадахгүй, мөн төрийн албан тушаалтан, хууль сахиулагч нар халдах явдал гарч байгааг манай байгууллага 2020 оны хүний эрхийн талаарх даян дэлхийн илтгэлдээ дурдсан. Монголд хүмүүнлэгийн хямрал нүүрлэж байна.
Тэдний эсрэг бодит үнэний гэрч болж дуугарсан малчин, байгаль орчны хамгаалагч, сэтгүүлч, өмгөөлөгч, иргэний нийгмийн идэвхтэн, шүгэл үлээгчдийн эсрэг янз бүрийн хариу арга хэмжээ авч байна. Мөн цахим болон цахим бус орчинд шүүмжилснийх нь төлөө баривчилж хорих, уул уурхайн компаниудын буруутай үйл ажиллагааг эсэргүүцсэн малчид, идэвхтэн тэмцэгчдийг айлган сүрдүүлэх, дарамтлах, бие махбодод нь халдах явдал гарсаар байна. Тухайлбал, хүчирхийллийн эсрэг дуугарч буй охид эмэгтэйчүүдийг хүчирхийлнэ гэж заналхийлэхээс авахуулаад сэтгэл зүйн дарамт үзүүлэх цахим халдлага дайралт хийх, гутаан доромжлох, нэр алдар хүндэд нь халддаг. Харин сэтгүүлч, өмгөөлөгч, шүгэл үлээгч, иргэний нийгмийн идэвхтнүүд рүү илүү мөрдөж мөшгих, ажлаас халах, хилс хэрэг хүлээлгэх зэргээр халдаж, газар, нутаг усныхаа төлөө дуугарсан малчид, байгаль хамгаалагчдын эсрэг илүү заналхийлэл, бие махбод, амь насанд нь халдах гээд янз бүрийн халдлага гарч байна.
Дэлхий дахинд өнгөрсөн онд газар нутаг байгаль орчноо хамгаалж, аж ахуйн нэгж, компани, томоохон бизнесүүдийн эсрэг тэмцсэн 572 хүн нас барсан судалгаа бий. Тэдний 85 хувь нь амь насаа алдахаасаа өмнө заналхийлэлд өртөж байсан тухай судалгаанд дурдсан байдаг. Харамсалтай нь, Монгол Улсад хэнийг хүний эрх хамгаалагч гэх вэ, тэднийг яаж дэмжих, хэрхэн хамгаалах вэ гэдэг бодлого, эрх зүйн орчин, хэрэгжүүлэх механизм байдаггүй болохоор амь нас, эрүүл мэнд, алдар хүнд гээд бүх зүйлээ золиослон байж маш цөөхөн зоригтон шударга бусын эсрэг дуугарч айдас, аюултай орчинд ажиллаж байна.
-Хүний эрхийг хамгаалах чиглэлд ажиллаж буй байгууллага, цөөн хэдэн зоригтон хамгаалагч үр дүнтэй ажиллаж чадаж байна уу?
-Сүүлийн жилүүдэд хүний эрхийн чиглэлээр тогтмол, тууштай ажилладаг 40 гаруй төрийн бус байгууллага нэгдэж форум хэлбэрээр төр засагт дуу хоолойгоо хүргэн хамтран ажиллаж байна. Тухайн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, охид эмэгтэйчүүд, хөдөлмөрлөх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүнсний аюулгүй байдал, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх гэх мэт маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Хүний эрх хамгаалдаг байгууллага, хувь хүн хэн бэ гэхээсээ илүү тэд хүний эрхийн төлөө юу хийж байна вэ гэдэг нь чухал. Бусдын төлөө гэсэн нэг үйлдэл ч эрхэм үнэ цэнтэй. Үнэлж баршгүй. Бусдын мэдэх эрхийн төлөө тэргүүн шугамд ажиллаж буй сэтгүүлч залуугийн үйлдэл үүний бодит жишээ. Дөнгөж төрсөн эхийг, нярайн хамт зөөвөрлөж буй үйл ажиллагааны явцад хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг зураглан авч, бодит үнэний гэрч болон олон нийтэд дэлгэж, нийгмийн өөрчлөлтийн түүчээ болсон.
Бусдын мэдэх эрх төлөө явж авлигын хэргийг илчилснийхээ төлөө хүн гүтгэсэн, төрийн албан тушаалтан эсвэл хуулийн этгээдийн нэр, алдар хүндэд халдсан хэргээр шүүхэд дуудагдсан, Зөрчлийн хуулиар торгуулсан, өшөө авалт заналхийлэлд өртсөн хүн, иргэний нийгмийн идэвхтэн, өмгөөлөгч, шүгэл үлээгч, сэтгүүлч олон бий.
-Манай улс Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсноор энэ салбар болон энэ чиглэлд ажилладаг хүмүүсийн хувьд ямар ахиц дэвшил гарах вэ?
-Энэ хуулийг хэн нэгний явцуу ашиг сонирхлоос ангид байлгаж, анх өргөн барьсан үзэл баримтлалынх нь хүрээнд баталбал бусдын төлөө дуугардаг, шударга бусын эсрэг зогсдог, хүний эрх хамгаалагчид айх айдасгүй, аюулгүй орчинд ажиллаж тэгш эрх, шударга ёсыг шаардах боломжтой болно. Мөн нэг эрхийг нөгөөгөөр сольж наймаалцдаг, хувийнхаа эрх ашгийн төлөө л дуугардаг хуурамч тэмцэгчдээс жинхэнэ хүний эрх хамгаалагчийг ялгах юм. Ингэснээр илүү хүмүүнлэг байх, хүн бүрийн оролцоотой, хүний төлөө гэсэн соёлыг бэхжүүлэх боломж бүрдэнэ. Хүний эрхийг хамгаалагч шударга үнэний төлөө дуугарсныхаа төлөө золиослогддог учраас хүн бүр хүний эрх хамгаалах үйлсэд оролцож чадахгүй дуугаа хурааж шударга бус явдлыг өөгшүүлж, газар авахуулж байна. Хэрэв тэд аливаа дарамт шахалтаас эмээлгүйгээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, авилга, албан тушаалын гэмт хэргийг илчилж, ялгаварлан гадуурхалттай зоригтой тэмцэж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлж чадвал хүн хүнээ гэх хүмүүнлэг нийгэм, хүний эрхийн соёл төлөвшинө.
-Хүний эрхийг хамгаалагч гэж яг ямар шалгуур шаардлага хангасан хүнийг хэлэх вэ. Хуульд хэрхэн тодорхойлж байна вэ?
-Хүний эрх хамгаалагч гэдэг нь дангаараа, эсвэл бусадтай нэгдэж хүний эрхийг хамгаалж, хөхиүлэн дэмжиж буй сэтгүүлч, хуульч, эрүүл мэндийн ажилтан, багш гээд хэн ч байж болно. Тэд эрүүл байх, сурч боловсрох, хөдөлмөрлөх эрх, шударга ёсыг шаардаж, авлигыг илчилж, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө ажилладаг. Зарим нь газар нутаг, уул ус, ой модоо хамгаалж тэмцдэг. Гэхдээ тэд үйл ажиллагаа явуулахдаа хүний түгээмэл эрхийг хүлээн зөвшөөрч, тайван замаар, бусдын эрхийг хүндэтгэх ёстой. Үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзэж, үзэн ядсан үг хэллэг, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг түгээх ёсгүй. Аливаа асуудлыг хүчирхийллийн бус аргаар, тайван замаар шийддэг байх ёстой.
-Хуулийн төсөлд тусгасан зохицуулалтуудаас онцлох ямар заалт байна вэ. Тухайлбал?
-Онцлох заалт олон бий. Тухайлбал, Монгол Улсад цөөхөн хүн амтай болоод ч тэр үү орон нутагт байгаль орчин, бэлчээр ус, өв соёлоо хамгаалж буй хүмүүсийн гэр бүлийнхнийг айлган сүрдүүлэх явдал түгээмэл гардаг. Тиймээс хуулийн төсөлд хүний эрхийн хамгаалагчаас гадна тэдний гэр бүлийн гишүүдийг давхар хамгаалах зохицуулалт тусгаснаараа ихээхэн онцлогтой.
-Хүний эрхийг хамгаалагчийн эрх, үүргийг хуулийн төсөлд хэрхэн, ямар байдлаар тусгасан бэ. Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах чиглэлд тусгасан зохицуулалтын тухайд?
-Хуулийн төслийн VI зүйлд хүний эрх хамгаалагчийн эрхийг өргөн хүрээнд тодорхой тусгаж өгсөн. Үүнд, хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалахад оролцох, эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллага, эвсэл, холбоо, бүлэг, нэгдэл байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох, тайван жагсаал, цуглаан санаачлах, зохион байгуулах, оролцох, мэдээллийг түгээх зэрэг багтаж байна.
Мөн үндэсний, гадаад улсын, бүс нутгийн эсвэл олон улсын байгууллага, эвсэл, сүлжээтэй харилцах, хамтран ажиллах, хууль тогтоомжийн төслийг хүний эрхийн зарчимд нийцүүлэх зорилгоор олон нийтийн анхааралд хандуулах, тодорхой санал боловсруулах гэх мэтээр өргөн хүрээнд тусгаж өгсөн. Эдгээрээс гадна халдлагаас хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, сэтгэл санааны болон бодит хохирлоо барагдуулах, нөхөн төлбөр авах эрхийг тусгаж өгсөн нь бас нэгэн дэвшил. Эрхийг нь тодорхой болгохоос гадна хүчирхийллийн арга хэрэглэж, тайван бус замаар үйл ажиллагаа явуулахыг хориглож өгсөн.
-ХЭҮК-ын дэргэд Хүний эрхийг хамгаалагчийн хороо байгуулахаар хуулийн төсөлд тусгасан. Хэлэлцүүлгийн явцад ийм хороотой байх эсэхэд зөрүүтэй санал гарч байсан. Энэ тухайд ямар байр суурьтай байна вэ?
-Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмыг юу гэж нэрлэх, аль байгууллагын дэргэд ажиллуулах уу эсвэл хараат бус бие даасан механизм гаргах уу гэдгийг тухайн улс нөөц бололцоо, эрх зүйн хүрээндээ нийцүүлж шийдвэрлэх боломжтой. Хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад механизм ямар байх талаар зарчмын зөрүүтэй санал гарч байна. Тухайлбал, хүний эрх хамгаалагч хариуцсан нэг гишүүнийг одоогийн ХЭҮК-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар сонгох санал гарч байсан. Хороо хүний эрх хамгаалагчийн асуудлаар ХЭҮК-т зөвлөх, санал гаргах замаар нөхцөл байдлыг шийдүүлэх боломжтой байхад нэг гишүүнд хариуцуулж, нэмэлт зардал гаргах шаардлагагүй.
Ер нь тусгай чиг үүрэгтэй хорооноос оруулж ирсэн асуудлаар ХЭҮК-ын нэг гишүүн биш таван гишүүн хамтын шийдвэр гаргаж ажиллах нь илүү үр нөлөөтэй, хүчтэй механизм байх болно. Нөгөө талаараа ХЭҮК-ын үндсэн чиг үүрэг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тул энэ асуудлыг тусад нь задлан Хүний эрх хамгаалагч хариуцсан нэг гишүүн гэж нэмж томилох утгагүй. Комиссын үндсэн чиг үүрэгтэй зөрчилдөхөд хүрнэ. Цар тахлын энэ хүнд хэцүү үед зардлаа хэмнэх хүрээнд ч тэр ХЭҮК-ыг нэг гишүүнээр нэмэгдүүлэх нь буруу. Тэр мөнгөө Хүний эрхийн хамгаалагчийн хорооны ажлын нэгжийг бэхжүүлэх, эрсдэлтэй хүний эрх хамгаалагчийг хамгаалахад зарцуулах нь илүү үр нөлөөтэй. Тиймээс энэ санал хэлэлцүүлгийн явцад дэмжигдэхгүй болов уу. Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмыг бий болгохдоо иргэний нийгэм, тэр дундаа хүний эрх хамгаалдаг байгууллага, хамгаалагч нартайгаа сайн зөвлөлдөхийг НҮБ-аас зөвлөмжилдөг. Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм буюу хороог яаж байгуулах талаарх саналуудыг хэлэлцээд ажлын хэсэг хэрхэн томьёолж оруулж ирэхийг л анхааралтай хүлээж байна.
-Цар тахлын улмаас үйл ажиллагаа бүр цахимжиж байна. Үүнтэй холбоотойгоор хүний эрх хамгаалагч цахим орчинд ч хамгаалагдах хэрэгтэй байгаа талаар хөндөж байсан. Энэ тухайд ямар байр суурьтай байна вэ?
-Сүүлийн үед технологийн хөгжлөө дагаад, мөн цар тахлын хөл хорионоос улбаалан хүн төрөлхтөн цахим орчинд түлхүү ажиллах болсон.
Үүнийг дагаад цахимаар цагдан хянах, цензур тогтоох, хувийн нууцлалд халдах зэрэг хүний эрхийн зөрчил гарах болсон. Одоогийн хуулийн төсөлд энэ асуудлыг онцолж, заалт оруулж ирж түүнийг хасах эсэхийг хөндөж байна. Хүний эрх хамгаалагч нь цахим болон цахим бус орчинд адилхан хамгаалагдах ёстой. УИХ-аар баталсан хуулийг парламентын хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг энэ асуудлыг хэрхэн томьёолж оруулж ирэхийг бас хараад, хүлээгээд л сууж байна.
-Ийм төрлийн хуультай улс орны хувьд сайн туршлага нь юу байна вэ. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсноор хэрхэн ахиц дэвшил гарсан бэ?
-Дэлхий дахинд 40 орчим улс хүний эрх хамгаалагчийг хамгаалсан тусдаа хуультай буюу эсвэл бусад хууль тогтоомжоороо хамгаалж өгсөн байдаг. Тухайлбал, Мексик улс хуулийнхаа үнэлгээг хийх явцдаа хэд хэдэн нааштай ололт гарсныг дурдсан байдаг.
Үүнд, амь насанд нь заналхийлсэн амь насаа алдах эрсдэл өндөртэй 450 гаруй хүний эрх хамгаалагчаас тухайн үед 45-ыг нь хамгаалалтад авсан, төрийн болон хууль сахиулах байгууллагаас нь ирсэн халдлагаас хамгаалах зорилгоор хувийн хамгаалалтын албанд хандсан гээд бодит хамгаалал үзүүлсэн. Мөн тусдаа хуультай болсноор хүн бүр эрхээ хамгаалахад оролцох боломжийг нээж өгч, оролцоог нэмэгдүүлсэн нь хүний эрхийн зөрчлийн хэмжээ буурах, нийгэмд шударга бус зүйлийн эсрэг дуугарах том соёлыг бэхжүүлсэн гэж үздэг. Хүний эрх хамгаалагчийн тухай хууль бол хэдхэн хүнд биш хүн бүрд хамаатай гэдгийг ойлгож сайн хууль гаргахад анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай.