Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив
2021.03.31

Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.03.31) хуралдаанаар “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв.

Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн энэхүү хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав.

    Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь 2012 онд НҮБ-ын “Рио +20” чуулганы үеэр 16 улсын санаачилгаар албан ёсоор байгуулагдсан бөгөөд өдгөө 37 улс гишүүнээр элсээд байгаа юм байна. Тус институт нь олон улсын Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, тогтвортой, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гишүүн орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах “Парисын хэлэлцээр”-ээр хүлээсэн үүрэг амлалтууд болон “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Энэ зорилгын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах; ногоон ажлын байр бий болгох; тогтвортой үйлчилгээ хүртэх боломжийг нэмэгдүүлэх буюу хямд, цэвэр эрчим хүчний хүртээмж, тогтвортой нийтийн тээвэр, сайжруулсан ариун цэврийн байгууламж, хог хаягдлын менежмент; гэх мэт агаарын чанарыг сайжруулах; экосистемийн үйлчилгээний зохистой хангамж; уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг үндсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байна.

    Монгол Улс 2013 онд тус байгууллагын гишүүн улсын хэлэлцээрт гарын үсэг зурж, 2014 онд үүсгэн байгуулах гэрээг баталсан юм байна. Улмаар Хөтөлбөрийн газар нь Монгол Улсын Гадаад хэргийн яамны 2014 оны зургадугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдгийг Н.Уртнасан танилцуулав.

    Монгол Улсад 2014 оноос Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн санхүүжилтээр төслүүд хэрэгжүүлж байгаа аж. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран  ногоон хот байгуулалт, ногоон эдийн засаг, тогтвортой эрчим хүчний үүсвэрийг дэмжих чиглэлээр нийтдээ 7 сая орчим ам.долларын төслүүдийг хэрэгжүүлж байгаа гэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам тус институттэй хамтран ажиллах санамж бичгийг статус болон хамрах хүрээний үндэслэлээр өөрчлөлт оруулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сард шинэчлэн байгуулсан Санамж бичгийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

    Манай улс гишүүн орны хувиар тус институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийг зохицуулах хүрээнд хоёр талт олон улсын гэрээ болох Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээр байгуулах саналыг тавьснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох байгууллагатай хамтран судлаад энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтанд олгох, цаашид уг гэрээг соёрхон батлуулахаар бэлтгэсэн байна.

    Талууд хэлэлцээрийн төслийг 2020 оны зургадугаар сард эцэслэн тохирсон ба Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбоотой хэлэлцээрийн төсөлд Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн саналыг тусгасан хувилбарыг Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн талд уламжлан 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр цахимаар харилцан тохиролцсон гэлээ. Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь өөрийн санхүүжилтээр ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын дагуу гишүүн улсуудын Засгийн газрын хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг. Харин ямар нэгэн хэлбэрээр урт, богино хугацааны зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэггүй гэдгийг төслийн танилцуулгад онцолжээ. 

    Уг хэлэлцээрийг Засгийн газартай байгуулснаар олон улсын засгийн байгууллагын хувьд эдлэх эрх үүрэг, дархан эрх, халдашгүй байдал болон бусад хөнгөлөлт, татварын чөлөөлөлт зэрэг асуудлаарх эрх зүйн статусаа баталгаажих үндэс болох юм байна. Ингэснээр Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг өргөжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бүрдэх ач холбогдолтой аж.

    Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Цэрэнпунцаг, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, Т.Доржханд нар асуулт асууж, хариулт авав.

    Монгол Улс дотооддоо хэрэгжиж буй тодорхой төсөл, хөтөлбөрт тусгай эрх үүрэг, дархан эрх, халдашгүй байдал болон бусад хөнгөлөлт, татварын чөлөөлөлт зэрэг асуудлаарх эрх зүйн статусыг баталгаажуулах зэрэг давуу эрх олгох нь зохисгүй гэдэг байр суурийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон зарим гишүүн илэрхийлж байв. Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн гишүүн 37 улсын жагсаалтыг харахаар ихэнх нь хөгжиж байгаа эдийн засгууд, санхүүжилт гаргах бололцоотой нь хуруу дарам цөөн байгааг гишүүд онцлоод, холбогдох тодруулгыг хийсэн. Энэхүү институтийн гол донор, үндсэн санхүүжүүлэгчээр Данийн Хаант Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Норвегийн Хаант Улс байдаг бол тусгай төсөл, хөтөлбөрийн санхүүжүүлэгчээр Германы олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Байгаль орчны хөтөлбөр, Азийн хөгжлийн банк байдаг хэмээх хариултыг Н.Уртнасан сайд өглөө.

    Ийнхүү гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцсөн талаарх санал, дүнгэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

    Хуралдааны төгсгөлд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Гишүүд санал нэгтэй дэмжснээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг тус ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.