2020.04.24

М.Оюунчимэг: Чех гэлтгүй бусад улсуудад ажиллаж байгаа иргэдийн НДШ-ийг хөрвүүлэх ажил хэр хийгдэж байгаа вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.24\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Сурч ажиллах, амьдрах олон шалтгаанаар Монгол иргэд хилийн чанадад амьдарч байгаа. Хэсэг гишүүд тэтгэвэрийн шинэчлэл, нийгмийн даатгалын асуудалтай холбоотойгоор Унгар болон зүүн европын амжилттай яваа  улсад  туршлага судалсан. Эндээс Монгол улсын хувьд нийгмийн даатгалын сан түүнтэй холбоотой тэтгэвэрийн шинэчлэлийн асуудлыг зайлшгүй цаг алдалгүй хийх шаардлагатай гэдэг нь харагдаж байсан. 

Энэ асуудлаар С.Чинзориг сайд байнгын хороон дээр хуулийн шинэчилсэн найруулгын асуудал явж байгааг танилцуулсан. Энэ ажил нэлээд урагштай явж байгаа гэж бодож байна. Чех улстай тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаан дахь нийгмийн даатгалын сантай холбоотой асуудалууд хүндрэл үүсэхгүйгээр шийдэгдэх боломжтой гэж байна. Чех улс гэлтгүй бусад улсуудад ажиллаж хөдөлмөрлөж байгаа иргэдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг хөрвүүлэх ажил хэр хийгдэж байгаа юм бол? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Чинзориг хариуллаа.