Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл
Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн болон гишүүний бүрэн эрхийн хүрээнд өөрийн санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.07) өргөн барилаа.
Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл
Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, хүн амын амьжиргааны 80 гаруй хувь нь цаг уурын нөхцөл байдлаас хамааралтай Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал тэргүүлэх зэрэгт тооцогддог бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (НҮБУАӨСК)-ийг 1993 онд, түүнийг хэрэгжүүлэх Киотогийн протоколыг 1999 онд, Парисын хэлэлцээрийг 2018 онд тус тус соёрхон баталсан.
Монгол Улс олон улсын дээрх конвенц, хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд олон талын болон хоёр талын механизмуудын хүрээнд бодитой дэмжлэг авч, идэвхтэй хамтран ажиллаж байна. Үүнд чухал дэмжлэг үзүүлж байгаа олон улсын санхүүгийн механизм нь 2010 оны НҮБУАӨСК-ийн талуудын 16 дугаар бага хурлаар 194 гишүүн орны нэгдсэн шийдвэрийн хүрээнд батлагдсан Уур амьсгалын ногоон сан (УАНС) юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улсын хувьд олон улсын түвшинд хүлээсэн үүрэг болон үндэсний түвшинд тодорхойлсон тогтвортой хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус сангийн дэмжлэг чухал ач холбогдолтой гэж үзэн “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах асуудлыг Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайдын захирамжаар олгогдсон эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбат 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулаад байна.