“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барив
Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн болон гишүүний бүрэн эрхийн хүрээнд өөрийн санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.07) өргөн барилаа.
“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Манай улс БНХАУ-ын Хонконг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүд байгуулан ажиллаж байгаа нь монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсонтой холбоотой юм.
2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үзэглэсэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т 2019 оны 6 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан бөгөөд соёрхон батлуулахаар өргөн барьсан энэхүү хэлэлцээр нь 21 зүйлтэй, эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг зохицуулсан бөгөөд зардал, эрх зүйн туслалцааны хүсэлтийн агуулга, харилцах төв байгууллагууд, хүсэлтийг биелүүлэхээс татгалзах үндэслэлүүдийг тусгажээ.
Мөн уг хэлэлцээрээр хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг, тухайлбал нотлох баримт олж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах гэх зэрэг тодорхой төрлийн ажиллагааг хоёр талын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх боломжтой болох төдийгүй хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх аж.