2021.12.22

Б.Дэлгэрсайхан: Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхижүүлж, хөрөнгө оруулалтыг татах нь зүйтэй

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2021.12.22/-ний өдрийн хуралдаанаар  Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах ажил түрүүчийн Их Хурал дээр хэлэлцэгдсэн бол өнөөдөр би хил хаагдаж, ачаа бараа орж ирэхгүй болох нөхцөл бүрдэхгүй байх байсан. Бид хойд, урд хоёр хөрштэйгээ юм ярьчихаад хэлсэн амандаа хүрдэггүйн нэг жишээ нь энэ. Бүгд мэдэж байгаа 2014 онд Ши Жиньпин дарга ирэхэд чөлөөт бүс яригдсан, 2018 онд Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахад чөлөөт бас бас яригдсан.

Ө.Энхтүвшин шадар сайд байхдаа энэ хэлэлцээрийг соёрхон батлах гэж нэлээд зүтгэсэн. Хуучин гишүүд бүгд мэдэж байгаа. Үүнийг батлахгүй болохоор хятадын тал манайд итгэхгүй байна. Бид за гээд хойш нь тавьдаг. Түрүүн Б.Энх-Амгалан гишүүний ярьсан ойлголтын зөрүү гэдэг нь ерөөсөө хамтын ажиллагааны хэлэлцээрээ соёрхон батлах шүү дээ. Урд айл эргэлзээд бидэнд итгэхээ байсан. Тийм учраас хэлэлцээрийг хурдан түргэн батлаад, урд айлд хэлсэндээ хүрч чөлөөт бүсээ хөдөлгөхгүй бол Замын-Үүд боомтод оруулсан энэ их хөрөнгө оруулалт олон жил салхи наранд, элсэнд дарагдаад хэцүү болсон.

Өнгөрч байгаа хэдэн сард Замын-Үүдийн чөлөөт бүсэд Шадар сайд, Замын-Үүдийн чөлөөт бүсийн захиргаа анхаарал тавьж эхэлсэн. Уурын зуух нь ажиллаж эхэлсэн. Уурын зуух нь баригдсан цагаасаа хойш нэг ч ажиллалгүй байсаар саяхнаас ажиллаж эхэлсэн учраас одоо газар авсан компаниуд нь үйл ажиллагаагаа явуулж, бүтээн байгуулалтаа хийх боломж бололцоо бүрдэж байгаа юм. Энэ гацааг хурдан гаргачихвал хөрөнгө оруулалт орж ирэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт хил нэвтэрч чадахгүй байгаа ачаа бараа хөнгөлттэй нөхцлөөр орж ирэх боломж бүрдэнэ.

Өмнөх парламентийн үед энэ байнгын хороонд энэ асуудал унаж, хэн ч анхаараагүй учраас олон засгийн газар дамжсан энэ асуудлаа шийдээд, хэлсэндээ хүрч энэ бүтээн байгуулалтыг цааш нь явуулах хүсэл зориг бий гэдгийг гишүүд ойлгож байгаа байх. Дэмжиж өгөөрэй, Монгол-Хятад гэсэн хоёр улсын асуудал шүү.

Байн байн хойшлоод байвал бидэнд итгэх хүн байхгүй ийм хэмжээнд байгаа гэдгийг дахин хэлье. Энэ хэлэлцээрийг баталснаараа хөрөнгө оруулалт болоод Монголын талаас хийгдэх бүтээн байгуулалт нэмэгдэнэ гэдэгт итгэж байгаа. Энэ асуудал үндсэндээ 1995 оноос хойш яригдсан.