Түр хороо Коронавируст халдвар, урьдчилан сэргийлэх тухай тогтоолын төслийг дэмжлээ
Улсын Их Хурлын Түр хорооны өчигдөрийн (2020.11.24) ээлжит хуралдаан 12 цаг 17 минутад “Их Хуралдай” танхимд гишүүдийн 60 хувийн ирцтэй эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах асуудлыг хэлэлцсэн.
Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон холбогдох яам, агентлагын албан тушаалтнууд биечлэн болон цахимаар оролцов.
Хуралдааны эхэнд Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я. Содбаатар мэдээлэл хийв.
Дэлхийн даяар хурдацтайгаар тархаж буй коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын бүртгэгдсэн тохиолдол 2020 оны 11-р сарын 24-ний өдрийн байдлаар 59,513,167, нас барсан хүний тоо 1,401877-д хүрсэн.
Гадаад улс орнуудын гамшгаас хамгаалах дэглэм тогтоосон байдлаас үзэхэд, 112 улс орон олон нийтийн үйлчилгээний газар, цуглаан, сургуулийн үйл ажиллагаанд хязгаарлалт, хөл хорио тогтоож, 62 улс орон дотоодын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон бол 102 улс орон хилээ хэсэгчлэн эсвэл бүрэн хаасан байна.
Монгол Улсад 2020 оны 11-р сарын 11-ний өдөр дотооддоо алдсан анхны тохиолдол бүртгэгдэж, дотооддоо илэрсэн халдварын тохиолдол ихссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас энэ оны 12-р сарын 1-ний өдрийг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. 2020 оны 11-р сарын 24-ний өдрийн байдлаар Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 672 /32/ бүртгэгдлээ.
Үүнээс дотоодын халдвараар батлагдсан тохиолдол 235 болсон байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 323 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаагаас хүнд 2, хүндэвтэр 44, хөнгөн 277 хүн байна. Тохиолдлыг аймгуудаар хувааж үзвэл 235 тохиолдлын Улаанбаатар хотод 54, Сэлэнгэ аймагт 124, Дархан-Уул аймагт 20, Орхон аймагт 7, Дорноговь аймагт 17, Говьсүмбэр аймагт 3 тус тус байна. 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш улсын хэмжээнд 18 мянга гаруй иргэдийг PCR-ийн шинжилгээгээр баталгаажуулах ажлуудыг хийхийн зэрэгцээ Улаанбаатар болон тохиолдол батлагдсан 5 аймагт 112 мянган түргэвчилсэн шинжилгээ хийж байна.
Үүнээс гадна 21 аймаг болон экспортын бүс нутаг болох Өмнөговь аймагт түргэвчилсэн болон PCR -ын тандалт шинжилгээ хийж байна. УОК-ийн Шуурхай штаб болон салбар дундын ажлын хэсгээс 2020 оны 11-р сарын 22-ны өдөр хийсэн 15 дугаар эрсдэлийн үнэлгээгээр КОВИД-19 халдвар тархах эрсдэл “өндөр” гэсэн дүгнэлт гарсан гэдгийг Шадар сайд мэдээлэлдээ дурдсан.
Нөхцөл байдал хүндэрч, хохирлын цар хүрээгээр нь тооцож, хариу арга хэмжээ авах салбар дундын төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 111 цэг дээр сорьц авч үүнээс 18 цэгийг тусгайлан гаргасан.Мөн тэрбээр Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлын чиглэлээр КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний А, Б, В төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдаар батлуулан хэрэгжүүлж байна.
Сэлэнгэ аймгийн хувьд Онгой комиссын комиссын дарга Батлан хамаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Тус аймагт гурван газар илэрсэн. Төмөр замаа дагаж, Мандал суманд илэрсэн тул тандалт судалгааг хийж байна.
Аймгийн төв, Алтанбулаг боомт дахь хүн амыг шинжилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж нийт иргэдийн 80 хувийг хамруулаад байна. Алтанбулагийн боомтыг нэгдүгээр сарын 18-н хүртэл хаасан. Сүхбаатар боомт ажиллаж байгаа хэдий ч төмөр зам дагасан тохиолдол бүртгэгдсэн тул төмөр замын нийт бие бүрэлдэхүүн болох 15672 хүнийг шинжилгээнд бүрэн хамруулсны зэрэгцээ нэмэлтээр PCR шинжилгээний лабораторийг хүргүүлэн суурилуулсан.
Дархан-Уул аймагт коронавирус 20 хүний тохиолдол бүртгэгдсэн учир хатуу тэг зогсолт хийж, 21370 хүнийг шинжилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байна. Өчигдрөөс тус аймгийн 28,300 өрхөд “Нэг өрхөөс нэг шинжилгээ” аргачлалыг хэрэгжүүлж, нийт өрхийг шинжилгээнд хамруулахаар аймгийн онцгой комисс ажиллаж байна.
Орхон аймгийн тухайд төмөр замаа дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан Шуурхай бүлэг Орхон аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдвартын тархалтыг багасгах, таслан зогсоох үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байна. Орхон аймагт бидний хувьд “Эрдэнэт үйлдвэр” ХК-д гол анхаарлаа тавьж, тус үйлдвэрийн 6,600 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж, халдварын тохиолдол илрээгүй хэдий ч өндөржүүлсэн онцгой горимоор ажиллуулж байна.
Мөн Дорноговь аймагт 1 шинэ тохиолдол бүртгэгдсэн тул ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжаваар ахлуулсан Шуурхай бүлэг энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс Дорноговь аймагт гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах удирдлага, арга зүйн нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Тус аймаг дээр PCR лабораторийг суурилуулж, Замын-Үүд дээр PCR лабораторийг нэмж суурилуулан өдөрт 50 жолооч гарган 150 машин нэвтрүүлэх байдлаар өчигдрөөс хөдөлгөөнийг эхлүүлсэн.
Өмнөговь аймагт тохиолдол илрээгүй ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдлаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Тус аймагт экспортын чиглэлтэй уул уурхайнууд байгаа учраас онцгой дэглэм тогтоож, харуул хамгаалалтыг сайжруулж, тусгайлан Гашуунсухайт, Нарийнсухайтын боомтод дотоодын цэрэг болон цагдаагийн 50 хүний бие бүрэлдэхүүнийг ажиллуулж байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, өнөөдөр PCR шинжилгээний лабораторийг суурилууллаа гэж байлаа.
Түүнчлэн хөл хорионы улмаас махны худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотойгоор нийслэлийн хүн амын хэрэгцээнд нөөцийн мах 11 сарын 14-22-ны өдрийн хооронд 9 хоногт 494.8 тонн худалдаалсан. 11-р сарын 23-ны өдрөөс махны нийлүүлэлт тогтвортой гэж үзэн нөөцийн махны худалдааг зогсоогоод байна.
Мөн Дархан-Уул Сэлэнгэ аймагт хатуу хөл хорионы дэглэм тогтоосон тул тэнд нөөцөд байгаа махнаас 360 тонн, махыг нөөцөөс гаргасан. 11 сард олгогдох нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, дэмжлэгийг нийт 556 мянган хүнд 38,6 тэрбум төгрөг олгосон. 11 сарын хүүхдийн 100,000 төгрөгийг банкаар дамжуулан 1,2 сая хүүхдэд 119 тэрбум төгрөг олгоод байна.
Тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хүлээн авах 60 мянган иргэнийг дансжуулж, 20 мянган иргэний банкны картыг хэвлэж хүргүүлэх ажлыг зохион байгуулалтыг бүрэн хангасныг Улсын онцгой байдлын дарга мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай өрхүүдийн судалгааг нийслэлийн дүүрэгүүдтэй хамтран гаргасан байна.
Улаанбаатар хотод МУЗН-тэй хамтран 4,000 өрх, “АПУ” компанитай 4,000 өрх, хөдөө орон нутгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газрууд тухайн аймгийнхаа Засаг даргын тамгын газар, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран 3,397 өрхөд тус тус хүнсний дэмжлэг үзүүлснийг Шадар сайд мэдээлэлдээ онцолсон.
Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хэд хэдэн чухал арга хэмжээ авч байна. Монгол Улсын Засгийн газар хуралдаж 12 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 18 хүртэл танхимын сургалт явуулахгүй бөгөөд сурагчид 12 дугаар сарын 18-аас хоёрдугаар сарын 01 хүртэл амарна. Их, дээд сургууль мөн адил танхимын сургалт байхгүй, онлайн сургалтыг үргэлжлүүлнэ.
Ерөнхий боловсрлолын сургуультай адил хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд амарна гэдгийг Шадар сайд тодотгохын зэрэгцээ 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 25 дотуур байранд 209 хүүхэд, үүнээс ерөнхий боловсролын тусгай сургуулийн дотуур байранд 41 хүүхэд үлдсэн байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хоол, хүнс тэжээлийн дутагдалд өртөх эрсдэлтэй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын судалгааг нэгтгэн гаргасан.
Судалгаагаар хоол, хүнс тэжээлийн дутагдалд өртөх эрсдэлтэй нийт 44,282 хүүхэд байна. Үүнээс цэцэрлэгийн 18,646, ерөнхий боловсролын сургуулийн 25,636 хүүхэд байна. Нийт эрсдэлд өртөж болзошгүй хүүхдийн 12,852 нь нийслэлд, 31,430 нь орон нутагт байгаа бөгөөд эдгээрээс дийлэнх хэсэг нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд хамаарах хагас болон бүтэн өнчин, өрх толгойлсон ганц бие эцэг, эхийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий гэр бүлд харьяалагдаж байна гэж байлаа.
Мөн 2020-2021 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 88 их, дээд сургууль, коллежид 147,293 оюутан, суралцагч суралцаж байна. Их, дээд сургуулийн нийт 71 оюутны дотуур байранд 11,359 оюутан амьдран суралцаж байна. Үүнээс нийслэлд 56 дотуур байр, орон нутагт 15 дотуур байр байна.
2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар түрээсийн байранд амьдарч байгаа нийт 18687 оюутан байна. Үүнээс Улаанбаатар хотод 17,425 орон нутагт 1262 оюутан байр түрээслэн амьдарч байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, мөн их, дээд сургуулиудын хичээл онлайн хэлбэрээр явагдаж байгаатай холбогдуулан дотуур байр болон түрээсийн байранд амьдарч буй оюутнуудын хүнсний хангамжийн асуудлыг шийдвэрлэж байна гэв.
Хилийн боомтын тухайд “Цагааннуур”, “Боршоо” авто замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хаасан байсан. “Боршоо” авто замын боомтыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хаана.
Харин “Цагааннуур” боомтыг өчигдрөөс эхлэн нээсэн. “Эрээнцав” төмөр замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зогсоогоод байна. Хилийн “Тэс”, “Арц суурь”, “Ханх”, “Ульхан”, “Эрээн цав” авто замын боомтуудын хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс түр хаасан байгаа. Харин хилийн “Булган”, “Шивээхүрэн”, “Гашуунсухайт”, “Ханги”, “Бичигт”, “Баянхошуу” авто замын боомтууда хэвийн ажиллаж байна Я.Содбаатар сайд мэдээлэлдээ дурдсан.