Гадаад Харилцааны сайд Н.Энхтайван: "Монгол эхний ээлжинд вакцин авах боломж бий
2020.11.25

Гадаад Харилцааны сайд Н.Энхтайван: "Монгол эхний ээлжинд вакцин авах боломж бий

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван news.mn мэдээний сайтад Covid-19 цар тахлын эсрэг вакцины талаар өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь нийтэлж байна. 

Covid-19-ийн эсрэг вакцин дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Цар тахлын эсрэг вакцин гаргаж авах явц олон улсын хэмжээнд ямар байна вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 164 вакцин туршилтын өмнөх шатандаа, 48 вакцин туршилтын шатандаа байна. Туршилтын шатны 48 вакцинаас АНУ-ын дөрөв, БНХАУ-ын мөн дөрөв, Их Британийн нэг, ОХУ-ын нэг, Энэтхэгийн нэг, нийт 11 вакцин туршилтын гуравдугаар шатандаа байна.

Таны хэлсэн дээрхи 11 вакцинаас одоогоор тодорхой үр дүн гарсан вакцин байна уу?

Одоогийн байдлаар нэр бүхий 11 вакцинаас АНУ-ын “Moderna” компани, мөн АНУ-ын “Pfizer”, ХБНГУ-ын “BioNTech” компаниудын хамтран хөгжүүлж буй вакцинуудын эмнэл зүйн III шатны үр дүн өндөр гарсан. Тухайлбал, “Moderna” компанийн вакцины туршилт 94.5 хувьтай бол “Pfizer” компанийнх 95 хувийн үр дүнтэй гарсан байна.

Засгийн газраас хүн амаа вакцинжуулах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Covid-19 цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн ахлагчаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, орлогч даргаар миний бие ажиллаж байна. Хүн амынхаа аюулгүй байдлыг хангаж, вакцинжуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна.

Манай улсын хувьд Вакцин дархлаажуулалтын глобал альянс /GAVI/, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон олон улсын байгууллагын хамтран байгуулсан COVAX хөтөлбөрт 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн.

Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хүртэлх хувийг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах боломжтой. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар Сангийн яам ажиллаж байна.

Вакцин худалдан авалтыг COVAX хөтөлбөрийн хүрээнд хийснээр ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй вакцин авахаас гадна үнэ өртөг нь COVAX хөтөлбөрийн хөнгөлөлттэй үнээр байх юм.

Эрүүл мэндийн яамнаас вакцин тээвэрлэх, түгээх, хүн амаа вакцинжуулах үндэсний төлөвлөгөөг 2020 оны долдугаар сараас боловсруулан ажиллаж байна. ДЭМБ-аас тавьж буй шаардлагыг хангаж буй вакцинуудын нэр төрөл, хүн тунгийн хэмжээ, хоногийн зай зэрэг мэдээлэл энэ сараас л тодорхой болж байна.

“АРД ИРГЭДЭЭ ТҮРГЭН ХУГАЦААНД ВАКЦИНЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЗАСГИЙН ГАЗАР ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА”

Гадаад харилцааны яамнаас гаднын орнуудтай вакцины асуудлаар хэр ярилцаж байна вэ? Нааштай хариу байна уу?

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ГХЯ-ны зүгээс хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан вакцин хөгжүүлж буй “Moderna”, “Pfizer”, “AstraZeneca” зэрэг компанитай холбоо тогтоож, вакцин худалдан авах асуудлаар уулзалт хийж, мэдээлэл авч байна. Мөн түүнчлэн ГХЯ хоёр талын шугамаар Канад, ХБНГУ, Япон, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Австрали, зэрэг оронтой харилцаж, вакцин худалдаж авахад дэмжлэг авах чиглэлээр ажиллаж байна.

Улс орнууд ямар вакциныг илүүтэй сонирхон худалдаж авч байгаа вэ?

Цар тахлын эсрэг вакцин хөгжүүлж буй улс орнууд мэдээж өөрсдийн вакциныг хэрэглэх байх. Харин бусад орны хувьд нэгэнт үр дүн нь тодорхой хэмжээнд олон улсад мэдэгдээд байгаа АНУ-ын “Moderna”, “Pfizer” зэрэг компанийн вакцинуудаас гадна Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн хамтран хөгжүүлж буй вакциныг худалдан авах захиалга өгч байна.

Үнийн хувьд “Pfizer” компанийн вакцины нэг тун нь 19.50 ам.доллар, “Moderna” компанийн вакцин 32-37 ам. доллар, “AstraZeneca” компанийн вакцин 3 орчим ам.доллараар зарагдах төлөвтэй байна. Өмнө дурдсан COVAX хөтөлбөрт нийт 92 орон албан ёсоор хамрагдсан бөгөөд цар тахлын эсрэг вакцин гарсан тохиолдолд том, жижиг гэж ялгалгүйгээр хүсэлт тавьсан орнууддаа вакциныг жигд хуваарилан түгээх юм.

Вакцин хөгжүүлэх, бүртгүүлэх зэрэгт хэдий хэр хугацаа ордог вэ? Монгол Улсад вакцин оруулж ирэх хугацааг тойм байдлаар хэлэх боломжтой юу?

Вакцин хөгжүүлж буй компани эхлээд өөрийн улсын эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрлөө авах ёстой. Үүний дараагаар вакциндаа чанар, аюулгүй байдлын урьдчилсан баталгаажуулалт хийлгүүлэх хүсэлтээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлж, мөн зөвшөөрөл авна. ДЭМБ-ын хувьд урьдчилсан баталгаажуулалт хийхэд багагүй хугацаа зарцуулдаг боловч цар тахлын үеийн нөхцөлд байдалд тохируулан түргэвчилсэн горимоор зөвшөөрлөө өгөх боломжтой.

ДЭМБ ийнхүү дээрх хүсэлтийг хүлээн авч, түргэвчилсэн горимоор зөвшөөрөл өгсөн ч вакцин худалдаанд гаргах зөвшөөрөл хамгийн хурдандаа 2021 оны 1-2 дугаар улиралд гарах төлөвтэй байна.

Засгийн газар вакцин гармагц ард иргэдээ вакцинжуулах зорилт тавиад ажиллаж байна. COVAX хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн орны жагсаалтад Монгол Улс дөрөвдүгээрт бичигдсэн байгаа. Иймд бидний хувьд эхний ээлжид вакцин авах боломж нэмэгдэж байна гэсэн үг. Мөн бусад вакцин үйлдвэрлэгч компаниудтай гэрээ байгуулах чиглэлээр ажиллаж байна.

Ард иргэддээ хандаж хэлэхэд, Covid-19 цар тахлын эсрэг вакцины талаар эх сурвалж нь тодорхойгүй, үндэслэл, нотолгоогүй янз бүрийн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр эрчимтэй тархаж буй энэ үед гагцхүү Засгийн газраас гаргаж буй мэдээллийг албан ёсны, үнэн бодит мэдээлэл гэж хүлээн авахыг зөвлөж байна.