Түлшний нөөц хангалтад анхаарч ажиллах үүрэг өглөө
2020.11.25

Түлшний нөөц хангалтад анхаарч ажиллах үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүрэг дэх Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан түлш түгээх цэгт очиж ажиллав.

Тус цэгт Баянзүрх дүүргийн  дөрвөн хорооны зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан шахмал түлш олгох ажлыг зохион байгуулж байгаа юм.

Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, “Тавантолгой” түлш ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа нар ажлын явц, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөв.

Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Тавантолгой түлш” компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төв, борлуулалтын албатай хамтран өндөрлөг бүхий  67 газарт сайжруулсан түлш борлуулах цэг байгуулж байна.

Энэхүү цэгүүдийг нэмэлтээр байгуулснаар алслагдсан газарт амьдардаг 26600 иргэн түлш авахын тулд заавал 5-6 цаг зарцуулах шаардлагагүй болох юм. Өнгөрсөн жил 500 өрхөд борлуулалтын нэг цэг ногддог байсан.

Харин одооноос  200 өрхөд нэг  борлуулалтын цэг ногдох боломжтой болж байна. Халтиргаа, гулгаа үүссэн энэ үед иргэд гэртээ ойрхон түлш борлуулах цэгээс сайжруулсан түлш авснаар иргэдэд тулгамддаг олон асуудлын шийдэх боломжтой юм” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар зорилтот бүлгийн 10 мянган өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг онцгойлон анхаарч,  түлшний нөөцийг хангалттай байлгахад анхаарч ажиллахыг зөвлөлөө.