Эмэгтэй нэр дэвшигч ба дэлхийн чиг хандлагыг дагасан дэвшил
Манай улсад эмэгтэйчүүдийн оролцоо улс төрд харьцангуй багад тооцогддог. Тэр дундаа улс төрийн намууд эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэх, төрийн бодлого шийдвэрт дуу хоолойгоо хүргэх боломжийг төдийлөн олгодоггүй байсан. Ийм хуучинсаг байдалд Ардын нам шинэчлэл хийхийг эрмэлзэж ирсний илрэл нь өнгөрсөн 2016 оны сонгуулийн нэр дэвшүүлэлтээс шууд харагддаг. Өөрөөр хэлбэл, тус сонгуульд МАН 16 эмэгтэйг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн бол энэ удаад ч мөн дээрх квотоо хадгалж үлдлээ.
Энэ бол Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтыг мөрдөж, бусад намд үлгэрлэсэн жишээ юм. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн хэрэгцээ, шаардлага, хүсэлт болсон. Нөгөө талаас дэлхийн чиг хандлагыг дагасан нь бас нэгэн дэвшил байлаа.
Эмэгтэйчүүд төрд олноороо гарах нь нийгэмд тулгамдсан төдийгүй бугшсан, төдийлөн үр дүнд хүрдэггүй ужгирсан асуудлуудыг шийдэх тухайд гарц болдог жишигтэй. Эрүүл мэнд, боловсрол, хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, хүмүүжил зэрэг тэр бүр олны анхааралд өртдөггүй ч өрх гэр, иргэн бүрийн өмнө тулгамдсан олон нарийн асуудалд ч төрийн бодлого, шийдвэр дутагдаж байдаг. Гэрийн хэрэг төрийнх гэдгийн адилаар энэ бүхэнд анхаарал хандуулах эзэд нь эмэгтэйчүүд юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүнээр ажилласан Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг нарыг дахин дэвшүүлж буй нь олон нийтийн дундах судалгааны дүнг харгалзан үзсэн төдийгүй хийсэн ажлынх нь үр дүнтэй шууд холбоотой ажээ.
Эмэгтэй нэр дэвшигчдийн дунд хүүхэд хамгаалал, охид эмэгтэйчүүдийн эрх, боловсролын салбарын хамгийн том төлөөлөл бол УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрог, Завхан аймагт нэр дэвшигч Б.Баярсайхан юм. Тэрээр бусад нэр дэвшигчдээс ялгаатай нь нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн олон ажил санаачлан зохион байгуулж, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд сурах орчин, бүтээн байгуулалтын санхүүжилт зэргийг зөв зохион байгуулж, өндөр үр дүнг гаргаж чадсан чадварлг төрийн албан хаагч байсан юм.
“Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс биш сор болсон сэхээтнүүд суугаасай. Бүх салбарын төлөөлөл байгаасай гэж боддог. Ийм байж гэмээнэ парламентаас зөв бодлого гардаг. Залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл байх ёстой. Намын даргын хувьд өөрийнхөө багийг авч сонгуульд орно” гэсэн У.Хүрэлсүхийн амлалт бодит болж, МАН жанжин шугамаа алдалгүйгээр, нэр дэвшигчдээ тодруулсан. Гагцхүү МАН-ын дэвшүүлсэн бодлого хэрэгжиж, эхлүүлсэн ажил үргэлжлэх эсэх нь иргэд сонгогч таны гарт шилжлээ.