МАН-ын бүлэг: Цар тахлын үед шаардлага биелүүлээгүй иргэдийг хорих хүртэл арга хэмжээ авна
2020.04.20

МАН-ын бүлэг: Цар тахлын үед шаардлага биелүүлээгүй иргэдийг хорих хүртэл арга хэмжээ авна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцжээ. Нэгд, хаврын чуулганаар хэлэлцэх чухал асуудлын талаар тодорхой шийдэлд хүрчээ. Хоёрт, коронавирусийн чиглэлээр бие даасан тусгайлсан, бие даасан хууль гарах саналыг гишүүд гаргажээ. Тиймээс хуулийн төслийг бүлгийн хурлаар хэлэлцсэн байна. Гуравт, цаг үеийн асуудлыг хэлэлцжээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: УИХ-ын хаврын чуулган эхлээд хоёр долоо хонож байна. Сонгуультай жил учраас тавдугаар сард чуулган нэлээд идэвхтэй хуралдах шаардлага үүсч байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу шинэ парламент бүрдэж эхлэхэд  40 гаруй хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Үүний 10 орчмыг нь хаврын чуулганаар хэлэлцэн батлах ёстой. Тухайлбал УИХ-ын тухай хууль. Шинэ парламент бүрдэхэд УИХ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхлэх ёстой. Дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Аудитын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гэх мэт  10 орчим хуульд өөрчлөлт оруулах ёстой. Тиймээс тавдугаар сардаа багтааж бүгдийг нь хэлэлцэж дуусгах чиглэл  тогтсон. Сонгуультай учраас 4-6 долоо хоног хуралдах хугацаа байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: УИХ-аас өгсөн үүргийн дагуу Корнавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай нэг удаагийн хууль гаргаж байгаа. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу хорио цээрийн дэглэм цуцлагдсан өдрөөс энэ хууль хүчингүй болно. Шинэ хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нөхцөл байдал үүссэн гэж үзсэн. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай бол иргэдийн эрхэд тодорхой хэмжээний хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар бие даан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан. Засгийн газарт санхүүгийн болоод зохион байгуулалтын, үйл ажиллагааны онцгой эрхүүд олгоно. Холбогдох яам, албан тушаалтнуудын хүлээх үүрэг, хариуцлага мөн тодорхой болж байгаа.

Вирусийн голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг онцгой анхаарах, тэдэнд зориулсан, ипотекийн хөтөлбөрүүд орсон. Монгол Улс халдварыг дотроо алдаагүй нөхцөл байдлыг хадгалахад энэ хууль том үүрэг гүйцэтгэнэ.

УОК-ын гүйцэтгэх эрх үүргийг бэхжүүлэх, хурдтай ажиллах боломжийг бүрдүүлнэ. Цар тахалтай холбоотойгоор төрийн болон бусад байгууллага аж ахуйн нэгжийн эрх үүрэг, иргэдийн эрх үүрийг тодорхой болгож байгаа. Хариуцлагыг чангатгасан. Эрхүүгийн болон Зөрчлийн хуулийн халдварт өвчинтэй холбоотой заалтыг чангатгасан. Нэг талаараа хүний эрхийг хязгаарлах, нөгөө талдаа үүрэгжүүлэх зохицуулалтыг оруулж өгсөн. Засгийн газар, УОК-ын эрх үүрэгт УИХ сар бүр хяналт тавина. Олон зүйл дээр иргэдийн эрхийг хязгаарлана. Хяналтаа алдах үед маш сайн хууль эрх зүйн зохицуулалттай байх ёстой гэж үзсэн.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-Иргэд маск зүүгээгүй бол ямар хариуцлага тооцох вэ. Хариуцлагыг хэр зэрэг нэмэгдүүлсэн бэ?

-Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар шийтгэх бөгөөд торгуулийн арга хэмжээг нь өндөрсгөж өгсөн. Торгуулийг өндөр болгож, шаардлагатай бол эрхийг нь хязгаарлах, баривчлах ч арга хэмжээ авч болохоор зохицуулсан. 

-Онцгой нөхцөлд алба хааж байгаа алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэж тусгасныг тодруулахгүй юу?

-Төрийн тусгай чиг үүргийн байгууллага цаг наргүй ажиллаж байна. Хүний нөөц хязгаарлагдмал байгаа. Ийм илүү цагийн хөлсийг өнөөдрийг хүртэл бодож олгоогүй байгааг хуульчилж олгоно. Мөн онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдэх юм.