Ховд аймаг олон улсын чанарын менежментийн тогтолцоог стандарт нэвтрүүллээ
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас “Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцооны “ISO 9001:2015, ISO MNS 9001-2016” стандартыг нэвтрүүлэх” зорилт дэвшүүлж, аймгийн Засаг даргын Тамгын газар тус зорилтыг амжилттай хэрэгжүүлэн төрийн үйлчилгээнд стандартын шаардлагыг хангаж ажиллах батламжийн гэрчилгээг өнөөдөр Төрийн ордонд гардаж авлаа.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь чанарын менежментийн тогтолцооны олон улсын “ISO 9001:2015, ISO MNS 9001-2016” стандартыг нэвтрүүлэхдээ “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-аас зөвлөх үйлчилгээ авч, хамтран ажилласан бөгөөд олон улсын чанарын үнэлгээний үндэсний батламжлагч “Монсертф” ХХК албан ёсоор баталгаажуулсан юм.
Чанарын менежментийн тогтолцооны “ISO 9001:2015, ISO MNS 9001-2016” стандартыг нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, ажлын давхардал хийдэлгүй болж, албан бичиг хөтлөлт, эмх цэгц сайжрах ач холбогдолтой бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, иргэдийн болон албан хаагчдын сэтгэл ханамж дээшлэх нөхцөл бүрддэг байна.
Олон улсын чанарын менежментийн тогтолцооны “ISO 9001:2015, ISO MNS 9001-2016” стандартын батламж гардуулах ёслолын үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Төр, иргэний хооронд дахь хамгийн чухал холбоо нь төрийн ажил, үйлчилгээний менежмент юм. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн нууц нь нэгдсэн стандарт байдаг. Монгол Улсын Засгийн газар, УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллагаас олон ажил хийдэг. Харин ажлын бүтээмж, хөгжлийн шалгуур нь чанарын удирдлагын стандартыг хэрэгжүүлж байгаа үр дүнгээр хэмжигддэг. Үнэхээр иргэдийнхээ төлөө, хөгжлийн төлөө, үр дүнгийн төлөө ажиллаж байгаа бол шалгарсан стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй.
Аймаг орон нутгийн онцлог гэж бий. Монгол орон өргөн уудам нутагтай. Төрийн үйлчилгээг алслагдсан сумдын иргэдэд хүргэнэ гэдэг хүндрэлтэй. Энэ байдал нь хотожсон улс орнуудтай харьцуулахад ялгаатай байдал үүсгэдэг. Тиймээс Засгийн газраас явуулж байгаа төрийн ажлыг сайжруулах, ялангуяа орон нутгийн менежментийг хөгжүүлэх асуудал дээр цаг үеийн шаардлагад нийцсэн стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй байдаг.
Бид олон хууль баталж, хөгжлийн бодлогууд хэрэгжүүлдэг ч эргээд түүнийхээ үр дүнг хэмжиж чадахгүй бол хийж байгаа ажил маань амжилтад хүрэхгүй. Тиймээс төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцоог бий болгох асуудал чухал. Олон улсын стандартыг нэвтрүүлснээр Монгол Улс цаашдаа дэлхий улс орнуудтай хөгжлийн ижил түвшинд хүрэхэд дөхөм болно. Ховд аймгийнхан маань энэ ажилд анхаарч асуудлыг түрүүлж олж хараад, Баруун бүсийн хөгжлийн тулгуур төвийн үүргээ ухамсарлаж олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран чанарын менежментийг тогтолцоог нэвтрүүлж байгаад талархал илэрхийлье.
Ховдчуудын хэрэгжүүлж байгаа ажил хүрээгээ тэлж улсын хэмжээнд нэгдсэн стандартад шилжих юм бол Ховдод амьдарч байгаа, Сүхбаатарт амьдарч байгаагаас үл хамаараад төрийн үйлчилгээг чанартай, тэгш, ойлгомжтой авч чадна. Улсын хэмжээнд чанарын менежментийн хяналтын тогтолцоо бүрдэх ажил руугаа цаг алдалгүй орох юм бол ажлын эрчим улам сайжирна гэж итгэж байна. Хөгжлийн гарцыг мэдэрч бусад аймгуудаа тэргүүлэн олон улсын чанарын менежментийн тогтолцоо “ISO 9001:2015, ISO MNS 9001-2016” стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа Ховд аймгийн удирдлагуудад баяр хүргэе. Энэ зоригтой ажлын үр дүн өдөр тутам, цаг тутамд мэдрэгдэхээрээ онцлог. Та бүхэн иргэдээс талархлын үг байнга сонсох болно гэдэгт итгэж байна” хэмээн үг хэллээ.
Мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд “Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа эрх зүйн шинэчлэлийн хүрээнд төрийн үйлчилгээг чанартай, соёлтой, хүртээмжтэй болгох, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үүднээс аймгуудын Засаг даргын Тамгын газраас орон нутагтаа төрийн үйлчилгээг сайжруулах, төрийн албан хаагчдаа чадавхжуулах зүй ёсны шаардлагатай тулгарч байгаа. Энэ зорилгыг хангах үүднээс Ховд аймгийн Засаг даргын санаачилгаар олон улсын чанарын менежментийн тогтолцоо “ISO 9001:2015, ISO MNS 9001-2016” стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилт тавьж ажилласнаар батламжаа гардаж авлаа. Ингэснээр бид төрийн үйлчилгээг соёлтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй хүргэдэг аймаг болох зорилтоо биелүүлж ажиллахад дөхөм байх болно. Хязгаар нутагт ажиллаж байгаа иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах, “Ирэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд олон улсын шалгарсан стандартыг нэвтрүүлж ажилласны үр дүн богино хугацаанд гарах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.