Н.Учрал: Хүн төвтэй, тэгш боломжийг иргэдэд олгосон бодлогуудыг зорилтоо болгосон
2020.05.01

Н.Учрал: Хүн төвтэй, тэгш боломжийг иргэдэд олгосон бодлогуудыг зорилтоо болгосон

Монгол ардын нам 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр гардан авлаа. Батламж гардуулах ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар тус тус хүрэлцэн иржээ. 

Батламж гардан авах ажиллагаа Ардчилсан Нам болон "Та бидний эвсэл"-тэй харьцуулахад даруухан болсон бөгөөд батламж гардан авахаар намын дарга ч намын дэмжигчид нь ирээгүй юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "МАН мөрийн хөтөлбөртөө томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн үргэлжлүүлэх, эрчим хүч болон түлшийг дотоодоосоо хангах, шударга ёсны хувьсгалыг үргэлжлүүлэх ажлуудыг хэрхэн хийх талаар тодорхой зорилтуудыг тусгасан. Мөн хүн төвтэй, хөгжлийн бодлого тэгш боломжийг иргэдэд олгосон, дундаж давхаргыг дэмжсэн бодлогуудыг зорилтоо болгосон.

Энэ дунд эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалыг үндэсний баялгийн сантай уяж хуримтлалын нэгдсэн тогтолцоог бий болгоно. НДШ-ээ төлж буй иргэн бүр ямар нэгэн урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцанд орох боломжтой гэсэн судалгаан дээр үндэслэсэн зохицуулалтыг мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн. МАН улс төрийн ууган хүчний хувьд 2020 оны ээлжит сонгуульд хариуцлагатайгаар оролцох болно"гэв.