Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулав.
ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, вирусын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулах шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлэхэд тусгайлан бэлтгэсэн эмнэлгийг бүх шатанд бэлтгэх ажлын хүрээнд нийслэлийн 3 эмнэлэг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдэд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам.долларын өртөг бүхий “Монгол Улсад COVID19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна.
Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассиосаци хоорондын 13.1 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын 13.8 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг тус тус 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулжээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг төслийг хэлэлцэж, батлахыг дэмжсэн байна.
Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувь нь Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ.