М.Билэгт: 30-40 жилийн дараа хойч үе минь ямар хэмжээний зээл төлөх вэ?
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байна.
Засгийн газар Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, ниймгийн салбаруудад хамтран ажиллахаар тохиролцсон. Уг асуудлын хүрээнд АХБ-аас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс Энгийн эх үүсвэрээс 252.0 сая ам.долларын, АХБ-ны Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 зээлийн санхүүжилтийг олгохоор төсөлд тусгагдсан юм.
УИХ-ын гишүүн М.Билэгт
Гаднаас хөнгөлөлттэй зээл авч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ээлжит зээлийг ярьж байна. Өндөр хөгжилтэй улс орнууд өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэмжихийн тулд ийм хөнгөлөлттэй зээл олгодог юм байна. Энэ зээл бол Монголчуудад өр болоод үлдэж байгаа юм. Ингээд 30-40 жилийн дараа валютын ханш өсчих юм бол хойч үе минь ямар хэмжээний зээл төлөх вэ?
Жишээ нь, 2012 онд АХБ, БНСУ-аас эрүүл мэндийн салбарт зориулж 50 гаруй сая долларын зээлүүд тухайн үедээ монгол төгрөгөөр 71 тэрбум болж байсан. Гэтэл өнөөдрөөс бодоход 140 тэрбум болчихсон л байна. Зээл авалгүйгээр дотоодын нөөц боломжоо ашиглах боломж байна гэж харж байна.