2018.03.30

Тэтгэврийн насыг уян хатан тогтоожээ

Энэ оны эхээр Засгийн газраас Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, 2018 оны 02 сарын 02-ны өдөр анхны хэлэлцүүлгээр батлуулсан. Ингэснээр иргэн та тэтгэвэрт гарах насаа өөрөө хүсвэл эмэгтэй 55, эрэгтэй 60 насаар сонгох боломжтой болсон юм.

Энэ хуульд орж байсан өмнөх өөрчлөлтүүдийг эргэн сөхье. Монгол Улс 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны хүрээнд тэтгэврийн насыг эрэгтэй 65, эмэгтэй 60 болгох шийдвэрийг тухайн үеийн Засгийн газар гаргасан байдаг. Ингэхдээ нэг дор шууд 5 жилээр нэмэхгүй ч 2018 оноос эхлээд жил дутам 6 сараар нэмэгдэхээр болсон байсан.

Үүнийг тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн: “Тэтгэврийн насыг нэмэх тухай асуудал мэдээж олон хүнд таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ бодит үнэн нь манай нийгмийн даатгалын сан тэр дотроо тэтгэврийн сан асар өндөр алдагдалтай болсон. Хэрвээ бид ямар нэгэн байдлаар бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2019, 2020 оноос тэтгэврийн сангийн татаас нэг их наяд төгрөг давахаар байна” хэмээн тайлбарлаж байлаа.

Харин ОУВС-гийн хөтөлбөртэй анх тохирсон үеэс эдийн засаг өсөж, төсвийн орлого нэмэгдсэнтэй холбогдуулан одоогийн Засгийн газар энэ оны 1 сард ОУВС-гийн ажлын хэсэгтэй дахин хэлэлцээрийн ширээний ард суусан юм. Ингэхдээ тэтгэврийн насыг жил тутам 6 сараар биш 3 сараар хойшлуулах тохиролцоонд хүрч чадсан. Ингээд Засгийн газар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.

Тус хууль батлагдсанаар тэтгэврийн нас нэмэгдэх шатлалыг жилд 3 сар болгон багасгаж, даатгуулагч хүсвэл өөрөө эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас тэтгэвэрт гарах боломжтой болгож уян хатан болгожээ. Мөн хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг бол эрэгтэй 55, эмэгтэй 50 наснаас тэтгэвэрт гарах боломжтой болж байна.

Мөн шинэ хуулиар даатгуулагч та тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн  20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилийн шимтгэлээсээ тооцож, тэтгэврээ тогтоолгох боломжтой болжээ.

Гэхдээ өмнө нь дурдсан нийгмийн даатгалын сангийн алдагдлыг яах вэ? Даатгуулагчдын сонгох дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 6 жил, 2020 онд 7 жил болгохоор тогтжээ. Ингэснээр тэтгэврийн сангийн орлого багасаж, улмаар сангийн алдагдалд буурна гэж тооцоолсон байна.

Харин АБГББХ-ны хуралдааны үеэр ингэж 7 жил болгосноор тодорхой эрхүүдээ хуулиар хязгаарлуулдаг, байнгын бэлэн байдалд ажиллаж амьдардаг онцлогтой төрийн тусгай албан хаагчдын нийгмийн баталгааг бууруулах магадлалтай гэж үзэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр цэргийн албан хаагчдад 7 жил болгох заалт үйлчлэхгүй байх санал гаргасан нь олны дэмжлэгийг авч чадсан юм.