УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2016.11.11

Д.Тэрбишдагва: Малчдыг эрт тэтгэвэрт гаргах гэхээсээ илүү ажиллах нөхцлийг сайжруулах хэрэгтэй байна

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 05 минутад гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр эхэлсэн.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Чинзоригийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өөрийн саналаа хэлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

"Социализмын үед бид 25 сая тоо толгой малтай болох гэж мөн ч их тэмцсэн. Өнөөдөр 56 сая тоо толгой малтай болоход жилийн 4 улирал, өвөл, хаврын шуурга сөрж хөдөлмөрлөдөг хүмүүс бол малчид.

Өөрийн тэмцэл, хөдөлмөрөөрөө зах зээлийн нийгэмд хүн амыг өлсгөхгүй авч явж байгаа малчдын нөр их хөдөлмөрийг ойлгож, дэмжих ёстой. Эрс тэс уур амьсгалтай, дэд бүтцийн хөгжил сул, бараа үйлчилгээний хүртээмж муу, засаг захиргааны хэт жижгэрсэн нэгжүүдтэй зэрэг малчдын ажиллаж, амьдрах орчныг сайжруулах хэд хэдэн асуудал бий.

Машин техник олширч, хөгжсөнөөр малын хулгай ихэсч байна. Тиймээс энэ хүнд нөхцөлд ажиллаж байгаа малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж байгаад дэмжиж байна.

Нэгд, Монголын төр зөвхөн малчид гэлтгүй ард түмнийхээ тэтгэвэр авах насыг наашлуулаад байх юм уу?

Хоёрт, тэтгэврээ авахаа болих юм уу гэсэн хоёр асуудлыг бодох хэрэгтэй болчихоод байна.

Малчдын ажиллах нөхцлийг сайжруулж, жилийн 4 улирлын онцлогоос үл хамаарсан технологийг бий болгох, мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх гэх зэргээр яавал малчдын хүнд нөхцлийг хөнгөвчлөх, улирал хамааралгүй жигд орлоготой болгох, олсон орлогоосоо татвар төлөх, татварын орлогыг орон нутагт хуваарилах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Уламжлалт нүүдлийн мал аж ахуйг хадгалахын сацуу 21 дүгээр зуунтай хөл нийлүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тэжээлийн аж ахуйг бий болгох, улирлаас үл хамаарсан тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.

Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Цаашид төрөөс малчдын талаар баримтлах бодлогоо эрчимжүүлэх хэрэгтэй."