Ж.Бат-Эрдэнэ: Жинхэнэ муу менежер Эрдэнэт үйлдвэрт "орсон" байна
Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Жинхэнэ муу менежер"-үүд Эрдэнэтэд "орсон" байна гэв.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Төр, ард түмний өмчийг УИХ төлөөлнө гэж хуульд байгаа. УИХ төлөөлөөд л хөрөнгийнхөө асуудлыг эрхийнхээ дагуу ярьж байгаа.
Энд ямар нэгэн шүүх ажиллагаа явагдаад байгаа юм ерөөсөө байхгүй. ОХУ 49 хувиа зарахаар Засгийн газарт хандсан юм байна. Засгийн газар хуулиараа "Ингээд 49 хувь ороод ирлээ. Үүнийг яах ёстой вэ?" гэж УИХ-аас асуух л ёстой байсан. Засгийн газар энэ ажлаа хийгээгүй, хуулиа зөрчихсөн.
49 хувь чинь ард түмний өмч. Ард түмний өмчийг хэрхэх вэ? гэдгийг УИХ л хэлэлцэх ёстой.
Одоо бид Засгийн газрын гаргасан шийдвэрийг цуцлах ёстой. Хуулийн дагуу ард түмнийг төлөөлж байгаа УИХ энэ 49 хувийг яах вэ гэдгийг л шийдээд явах ёстой.
Үүнтэй холбогдуулаад өмчийн тухай тодруулмаар байна. Төрийн өмчийн тухай хууль, үндсэн хуульд хэрхэн заасан байдаг юм бэ?
Төр муу менежер гэдэг. Гэтэл 2016.06.28 аас 49-ийг шилжүүлж авсан юм байна. Энэ өдрөөс 11 сарын 21 дотор 78 тэрбум төгрөг өөрсдийнхөө эрх мэдэл рүү шилжүүлсэн байна.
Хуулийнхаа дагуу худалдан авах ажиллагаа явагдах ёстой. Гэтэл 49 хувь нь гүйцэтгэх удирдлагадаа дарамт учруулж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байна.
Ямар юмныхаа хувийн хэвшил зөв менежер болох юм бэ? харин ч эсрэгээр юм болж байна шүү дээ.
49 хувийг аваад цаашлаад үйлдвэрийг ховх сорох, өөрсдөө үйл ажиллагаа руу нь орох сонирхол байна. 78 тэрбум төгрөгийн асуудлыг тайлбарлаж өгөөч.
2012, 2013 оны ногдол ашгийг өөрсдийнх гээд бас авчихсан байна. Яахаараа ингэж авдаг юм?
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
Эрдэнэт 2011 онд 508 тэрбум төгрөг, 2012 онд 404 тэрбум төгрөг 2013 онд 401 тэрбум төгрөг, 2014 онд 382 тэрбум төгрөг, 2015 онд 323 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
2016.10.31 өдрийн байдлаар 71 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Ингээд л бодчих. Жинхэнэ муу менежер тэнд орсон гэж таны хэлдэг бодит үнэн байна. Энэ бүхнийг цэгцлэхгүй бол зүй ёсны зүйл юмаа. Ногдол ашгийн хувьд ОХУ өөрсдөө авахгүй 49 хувийг худалдаж авсан тал руу шилжүүлж болно гэсэн агуулгатай бичиг байдаг юм байна лээ.