Эрдэнэт үйлдвэрийн 51, 49 хувийг хамтатган иж бүрнээр нь шалгаж, маргаанд цэг тавих хэрэгтэй гэж АН-ын бүлэг үзлээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2017.01.31

Эрдэнэт үйлдвэрийн 51, 49 хувийг хамтатган иж бүрнээр нь шалгаж, маргаанд цэг тавих хэрэгтэй гэж АН-ын бүлэг үзлээ

Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгасан тухай УИХ-ын ажлын хэсгийн санал, дүгнэлтийг бүрэн эхээр нь танилцуулж, дараа нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой хамтран мэдээлэл хийсэн билээ.

Тэгвэл өнөөдөр уг асуудлаар Хууль зүйн байнгын хороо дахин хуралдсан. Хуралдааны үеэр гишүүдийн нэг хэсэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр өөрийн эзэмшилдээ авах ёстой гэсэн байр суурьтай байсан бол нөгөө хэсэг нь хүч түрж, нийгэмчлэн хурааж авах гэж байна гэлээ.

Хуралдааны дараа УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд, бүлгийн дарга С.Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг 51, 49 хувь гэж салангид биш төр, хувийн хэвшлийн хамтын эзэмшил гэдэг утгаараа нь иж бүрэн, цогц байдлаар шалгах, хэрэв 49 хувийг хууль бусаар худалдан авсан, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байгаа бол хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

С.Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай асуудлыг яриад 51 хувьтай холбоотой асуудлыг орхигдуулж байна. Өнөөдөр Английн Арбитрт үүссэн маргаан нөгөө талд шийдэгдэж болзошгүй байгаа бөгөөд 49 хувиас илүү 51 хувь эрсдэлд орлоо.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь ганхаж эхэлсэн, шахааны бизнес цэцэглэсэн, орлогоос нь завшдаг зэрэг асуудлыг шалгаж, нэг мөр цэгцлэх, 49 хувьтай холбоотой маргаанд цэг тавих ёстой хэрэгтэй. Улс орны эрх ашиг нэрийдлээр Монголын төр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь руу дайрч, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцон, хууль бус шийдвэр гаргаж болохгүй гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна.

С.Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг ярихаар 51 хувийг сөргүүлэн тавиад байгаа юм биш. 49 хувийг шалгах ёстой юу гэвэл шалгах ёстой. Гэхдээ хууль бусаар шалгаж болохгүй.

Тиймээс ч Эрдэнэт үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой асуудлыг хамтгатган, иж бүрэн хяналт, шалгалт хийх УИХ-ын ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд 100 хувь санал нэгдэн, энэ тухай албан ёсны саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.