2017.01.26
УИХ-ын дарга М.Энхболдын онцлох 5 эшлэл
УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр “Туушин” зочид буудалд болсон Монгол дахь Америкийн худалдааны танхимын уулзалтад оролцож үг хэлсэн юм. Түүний хэлсэн үг, оролцогчдын тавьсан асуултад хариулсан хариултуудаас онцлох 5 эшлэлийг толилуулъя.
1. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалд “нийгэмчлэх” маягаар хандаж болохгүй
-Энэ асуудлыг судалж, дүгнэлт гарган УИХ-аар хэлэлцүүлэх үүргийг Засгийн газарт миний бие өгсөн. Засгийн газар нухацтай судалж, хуралдаанаараа хэлэлцээд УИХ-д ирүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд Ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргасан талаараа өчигдөр мэдээлэл хийсэн.
Худалдан авах үйл ажиллагааны явцад Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байна. Тиймээс 49 хувийг төрд авах ёстой гэсэн байр сууриа Ажлын хэсэг илэрхийлсэн. Асуудлыг УИХ эцэслэж шийднэ. 49 хувийг худалдан авсан талтай хэлэлцэж, төрд авах хувилбар байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бусдын өмчийг “нийгэмчлэх” маягаар асуудалд хандаж огт болохгүй.
2. Гаднын банк зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр л үйл ажиллагаа явуулах нь зөв
-Манайд 10 гаруй арилжааны банк байна. Үйл ажиллагаа, дүрмийн сан, чадавхийн хувьд сайн нь ч, саар нь ч байгаа байх. УИХ-аас гарах аливаа шийдвэр дотоодын арилжааны банкуудынхаа үйл ажиллагаанд эрсдэл учруулахаар байж болохгүй. Ийм зарчмаар “Хөрөнгө оруулалтын банкны тухай” хуулийн төсөлд хандана. Би Монголд орж ирэх гаднын банк зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр л үйл ажиллагаа явуулах нь зөв гэсэн байр суурьтай байдаг.
3. “Гэнэт идэх гэдсэнд халтай”
-Монголын эдийн засаг ганц салбараас хараат байж болохгүй. Дэлхийн зах зээлийн үнэ ханшаас хамаардаг уул уурхайгаасаа ашиг олсон үедээ хайр гамгүй “идэж ууж”, халамж нэрээр хувааж тараадаг байдлаас татгалзах ёстой. “Гэнэт идэх гэдсэнд халтай” гэсэн монгол үг бий. Хэсэг хугацаанд хэт идэж, заримдаа өлөн зэлмүүн явдаг байж таарахгүй. Эдийн засгийн бодлого, бүтэц маань 3.0 сая иргэн бүгдээрээ аяга дүүрэн хоолтой, гэхдээ эрүүл саруул байх боломжийг л бүрдүүлэхэд чиглэх ёстой.
4. Юмаа мэдэж ярьдаг, учраа мэдэж ажилладаг бай
-Сайн мэдээ маш чухал. Эхлээд зөвийг, сайныг ярьдаг байя. Муу мэдээ асар их уршиг, хохиролтой. Улстөрчид, төрийн албан хаагчдад “Их ярьж, олон удаа хүмүүст анзаарагдаж байвал чухал гэж боддогоо боль. Мэдэж байж ярьдаг бай. Мэдэхгүйгээ мэдэмхийрч бүү ярь” гэж хэлмээр байна. Манай төрийн албанд хариуцлага үгүйлэгдэж байна. Мэдлэгтэй, чадвартай, туршлагатай хүн учраа мэднэ. Учраа мэддэг хүн ажилдаа хариуцлагатай байж чадна шүү дээ.
5. Бид хоосон ярихгүй. Амласан, ярьсандаа эзэн болно
-УИХ, Засгийн газар нэгдмэл бодлоготой, төр засаг тогтвортой байна гэдэгт та бүхэн итгэж болно. Гүйцэтгэх засгийнхаа бодлого, шийдвэрийг хууль тогтоох байгууллага нь ямагт дэмжиж, шаардлагатай эрх зүйн орчныг нь саадгүй, шуурхай бүрдүүлэхэд анхаарах болно.
Бид хоосон ярихгүй. Амласан, ярьсандаа эзэн болно. Хөтөлбөр, зорилгоо заавал бодит үр дүнд хүргэнэ.