Б.Баттөмөр: 51,9 сая тонн исэлдэх хүдрийн нөөц ашиглахад "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ямар бодлого барьж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.09/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгын талаар Монгол Улсын Еренхий сайдад хандаж тавьсан асуулга"-ын хариуг сонслоо.
Эл асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хөрс хуулалт 1976 эхэлж, 1977 оноос эхлэн стандартын шаардлага, технологид нь таарахгүй овоолгоор дүүрсэн байдаг. Монгол Улсын хөгжил ашигт малтмал, газрын баялаг дээрээ суурилан хөгжих тооцоо судалгаа, дүр зураг харагддаг. Энэ хүрээнд Эрдэнэтийн овоолго айлшгүй орж ирдэг.
Өнөөдрийн байдлаар 451 мянган тонн металл агуулсан 227 сая тонн агуулга багатай зургаан овоолго, 258 мянган тонн металл агуулсан 51,9 сая тонн исэлдсэн хүдрийн 4 овоолго, нийтдээ 10 овоолго байна.
Миний хувьд Монгол Улсын хөгжилд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, шийдвэрэх ач холбогдолтой хэмээн үзээд асуулга тавьсан. Энэхүү ядуу агуулгатай хэмээн яриад буй хүдрийн овоолго үүсэхэд 401,7 сая долларыг Эрдэнэт үйлдвэрээс гаргасан. Исэлдсэн хүдрийн овоолгод 98,3, энэхүү 10 овоолгыг үүсгэхэд үндсэндээ 500 сая долларыг Эрдэнэт үйлдвэрээс буюу Монгол Улсын төрөөс гарчихсан байгаа.
Үүнийг төгрөгт шилжүүлэн үзвэл 1,8 орчим их наяд төгрөг болно. Өнөөдөр төсвийн тодотголыг 1,8 их наяд төгрөгөөр тодотгож байна. Энэ нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өмч мөн үү.
Ядуу агуулгатай 227 сая тонн хүдрээс 451 мянган тонн зэс авна хэмээн мэргэжилтнүүд тооцсон. Гэтэл уул уурхайн яам үүнийг эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж байна. Шинжлэх ухаан болон технологийн ололтыг байгалийн баялаг хомстож буй өнөө цагт ашиглах ямар боломж байна вэ.
142 мянган тонн зэс агуулсан 51,9 сая тонн исэлдэх хүдрийн нөөц бий. Энэ том баялгийг ашиглах чиглэлд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ямар бодлого барин ажиллаж байна вэ.
Түүний асуултад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монголын ард түмний бахархал болсон. Миний ойлгож буйгаар 2021 онд 32,5 сая тонн хүдэр боловсруулж түүхэн амжилт гаргасан. Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр нийтдээ 19 удаа шалгарч байсан түүхэн амжилттай. Баялгийн менежментийн чиглэлд Ж.Ганбаатар сайдтай санал нэг байна.
Уул уурхайн сайд асан Г.Ёндон та хариуцлагагүй үг хэллээ. “400 сая долларын борлуулалт хийгээд байхад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ- ашиггүй гэж”. Үүнийг чинь Монголын ард түмэн харж байгаа. Таныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн даргаар сайн ажиллаж, үр өгөөжийг ард иргэддээ өгөөсэй хэмээн хүсэж байгаа. Гэтэл ийм хариуцлагагүй үг хэлж байдаг....