2023.06.09

С.Ганбаатар: Орхончууд овоолгыг ашигласнаар ямар ашиг шимийг хэрхэн хүртдэг вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.09/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгын талаар Монгол Улсын Еренхий сайдад хандаж тавьсан асуулга"-ын хариуг сонслоо.

Эл асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Овоолго, хүдэр хэмээн яриад байгаа энэ зүйл нь 1978 оноос бий болсон. Энэ зүйл өөрөө бий болчхоогүй. Ямар нэгэн техник ч хийгээгүй. Орхончууд өөрсдийн хүч хөдөлмөрийн үндсэн дээр бий болгосон шүү дээ. Маш олон хүний амь нас, эрүүл мэнд, хүч хөдөлмөрийн дүнд бий болсон гэхэд хилсдэхгүй болов уу.

4А овоолго нь 401 сая долларын өртөг бүхий үнэ цэн бүхий овоолго юм. 10А овоолго нь 500 сая долларын өртөгтэй.

Үндсэн хуульд, Газрын хэвлий дэх баялаг нь гагцхүү ард түмний мэдэлд байна гэдэг. Орхончууд энэхүү овоолгыг ашигласнаараа ямар ашиг шимийг хэрхэн хүртдэг вэ. Нийгмийн хариуцлагын гэрээгээр 2020-2023 онуудад яг хэчнээн төгрөгийг Орхончуудад өгөв.

34 хувийг авна гэх мэтчилэн яриад байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үүн дээр хувь авснаар бид дөнгө зүүчихсэн. Бид овоолгоо өгч байгаа учир 34 хувь дээр ямар нэг өөр хариуцлага үүрэхгүйгээр ашиг шим ээ хүртээд явна гэж ойлгож байна. Үүн дээр тоймтой хариулт өгнө үү.

34 хувийг авснаараа та бүхэн зардал дээр хэрхэн хяналт тавьж байгаа вэ.

Түүний асуултад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариулт өглөө.