Н.Оюундарь: "Хохирогч хүүхэд" гэсэн нэр томъёог "Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд" гэж өөрчлөх санал гарсан
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь
2016.12.15

Н.Оюундарь: "Хохирогч хүүхэд" гэсэн нэр томъёог "Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд" гэж өөрчлөх санал гарсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 3 дугаар тогтоолоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь, гишүүдээр Х.Нямбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар, Б.Пүрэвдорж нар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллаж байна.

Хууль зүйн байнгын хороо 2016 оны 6, 13-ны өдрүүдийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Саранчимэг нараас гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараах санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Үүнд:

- “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг” гэсэн нэр томъёоны тодорхойлолт шинээр нэмж, мөн төслийн 3 дугаар зүйлд заасан этгээд хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл гэж өөрчлөн тодорхойлж, хохирогч хүүхэд гэсэн нэр томъёог гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд гэж өөрчлөх

- Хохирогч гомдлоосоо татгалзсан, эсвэл хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй гэсэн нь энэ хуулийн зохицуулах хүрээнд хамаарахгүй тул хасах

- Гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээлэл солилцох журмыг холбогдох яамд тус тусдаа батлуулахаар байсныг өөрчилж, Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах

- Хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг харгалзан, орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын шийдвэрлэх

- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хорих ял шийтгүүлсэн этгээдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэл хүлээсэн этгээдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн байгууллага зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг тус тус зохион байгуулахаар өөрчилсөн болно.