Хуулийн төслийг ирэх долоо хоногт үргэлжүүлэн хэлэлцэхээр болов
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.06/ хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн, батлуулах ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нар оролцлоо. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Батнасан, Л.Энхболд, Ш.Раднаасэд, О.Баасанхүү, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.
Гишүүдийн зүгээс уг хуулийн төсөл гадаадын хуулийг шууд хуулбарласан эсэхийг тодруулахын зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байр улсын хэмжээнд хэд байгаа, хэчнээн хүн үйлчлүүлсэн талаар илүүтэй сонирхсон юм.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс түр хамгаалах байр найм байдгаас 2016 оны 10 дугаар сарын байдлаар 1122 хүн үйлчлүүлсэний найм нь эрэгтэй, 749 нь хүүхэд, үлдсэн 300 орчим нь эмэгтэйчүүд байна. Энэхүү хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэхэд анхаарсан. НҮБ-ын загвар хууль, бусад 10 гаруй орны хуулийг судалж, монгол гэр бүлийн онцлогт тохируулсан гэж хариулж байлаа.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Дэлгэрсайхан нар гадаадын хуулийг шууд хуулбарласан учир төсөл 70-80 хувь нь хэл найруулгын алдаатай, 10-15 жилийн дараа гэхэд монгол гэр бүлийн үнэт зүйл алдагдана гэж байсан бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү сайн хуулийг шууд хуулахад буруудах зүйлгүй, хамгийн гол нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүргээ л гүйцэтгэх нь чухал гэж байлаа.
Ингээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төсөлтэй холбогдуулж ажлын хэсгээс гаргасан 33, хамт өргөн мэдүүлсэн Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Харин ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоос ганцхан санал гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадсангүй. Энэ нь уг хуулийн төслийн 7.5 дахь хэсэг буюу “Хохирогч гомдлоосоо татгалзсан, эсхүл хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй” гэснийг хасах санал байлаа. Ажлын хэсгийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар энэ харилцаа зохицуулагдах учир хасах саналтай байсан ч, гишүүдийн олонхи нь үүнийг дэмжээгүй юм.
Үүний дараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулж байнгын хорооны гишүүдээс гаргасан 80 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулах байсан ч уг асуудлыг дахин долоо хоног хойшлуулж хэлэлцүүлэхээр болов. Учир нь ажлын хэсэг нь гишүүдээс ирүүлсэн саналыг судалж, боловсруулах шаардлагатай байна гэж үзсэн юм.