Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2016.12.15

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Сарангэрэл, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Саранчимэг, Б.Ундармаа нар Ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 103 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж УИХ-ын гишүүн А.Элдэв-Очир, Ц.Даваасүрэн нар  байнгын хороогоор оруулаагүй зарчмын зөрүүтэй асуудлаар санал хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат хууль бүтээх үйл ажиллагаанд өрнийн бүтэц загварыг тусгаж байгааг хэлэв. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэхүү саналыг дэмжиж хуулийн хэрэгжилтэд жишээ татан суурьшмал соёлын ялгааг нэмэлтээр тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тус хуулийн ажлын хэсгийг ахалж буй. Тэрээр тус хуулийн хувьд  зөрчлийн шинжтэй нь захиргааны хуулиар явах, давтан бол гэмт хэрэгт тооцьё гэсэн саналыг оруулж ирж байна. Тэгэхгүй бол маргаан болгоныг гэмт хэрэг гэж үзээд нэг талаасаа шоронжсон хууль болох болзошгүй гэж үзээд ажлын хэсгээс оруулж ирсэнийг гишүүд та бүхэн дэмжиж хэрэгтэй байна гэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль дагалдан олон журам гарах тул хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг ажлын хэсэг хуралдаж боломжит хугацааг хэлэх нь зүйтэй гэж  танхим үзэв. Хууль хэрэгжиж эхлэх хугацааг тодруулах хэрэгтэй гэв. Ийнхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.